Шууд Chart

Ким Чен Намын хүүгийн мэдэгдэл "youtube"-ээр цацагдаад байна

2017-03-09 11:49:34

Умард Солонгосын залуу удирдагч Ким Чен Ыны эцэг нэгт ах Ким Чен Намын хүүгийн мэдэгдэл олон нийтийн сүлжээгээр цацагдаад байна. Тэрбээр   өөрийгөө Ким Чен Намын хүү Ким Хан Соль хэмээн танилцуулсан байна. Ким  Хан  Соль  энэхүү мэдэгдэлдээ  Малайзын  Куала-Лумпур  хотын нисэх  онгоцны  буудалд  амиа алдсан хүн  эцэг  Ким  Чен  Нам нь  мөн байсныг баталжээ.

Гэхдээ тэрбээр үүнийг ДНК-гийн  шинжилгээний тусламжтайгаар эцэслэн батлах боломжтойг энд тэмдэглэн хэлжээ. Түүний энэ мэдэгдлийг Өмнөд  Солонгос руу зугтан гарсан Умард Солонгосын  иргэдэд тусламж дэмжлэг үзүүлдэг  Өмнөдийн Чхоллима  иргэний хамгаалалт  нэртэй  байгууллагын  сайтад  эхэлж  тавигдсан  байсан байна. 

Ким Чен  Намын хүү гэж өөрийгөө  танилцуулсан тэрбээр эцгийнх нь  амь насанд халдсан гэдэгт бат  итгэлтэй  байгаагаа ч илэрхийлсэн байна. Энэ  хооронд Өмнөд Солонгосын  Чхоллима  иргэний  хамгаалалт байгууллагынхан Ким Чен Намын гэр бүлийнхэн орогнол  олгох хүсэлт гаргасныг  нь ёсоор  болгосноо мэдээлсэн  байна. Одоогоор Умардын удирдагчийн  ахын  эхнэр, охин  болон хүү нь аль  улсад  байгаа нь тодорхойгүй байна.   Нидерланд,  АНУ,  Хятад  улсад  байгаа  байх  гэсэн таамаглал  л  хэвлэлээр  гарч байна. 

Ким  Хан  Солийн  мэдэгдэл 40 секундын хугацаатай  байсан  бөгөөд  энэ бичлэгийг хаана  хийлгэсэн нь  ч тодорхойгүй  байна.  Өмнөд  Солонгосын  Засгийн  газар  Ким Чен  Намын  хүүгийнх  гэж байгаа энэ бичлэгийг  нягтлан  шалгаж  байна. Хэрэв үнэхээр Ким  Чен  Намын  хүүгийнх  мөн  бол  гэр  бүлийнх нь гишүүдийн  Умардын  залуу  удирдагчийн ах амиа алдсаныг баталсан  анхны  албан  ёсны  мэдэгдэл  болох  юм.  

Өмнөд Солонгосын Нэгдлийн  яамны  албан  ёсны  төлөөлөгч бичлэг дээрх хүү  Ким  Хан  Сольтой  адилхан байгааг  мэдэгдсэн ч тодруулж  нягтлах шаардлагатайг онцолсон  байна.  Мөн Чхоллима Иргэний хамгаалалт  гэж байгууллагын  талаар  ямар  ч  мэдээлэл  байхгүйгээ  тэрбээр  мэдэгджээ.  Умард  Солонгосын   удирдагчийн  эцэг  нэгт  ах  Ким Чен Нам өнгөрсөн  сарын 13-нд Куала-Лумпурын нисэх онгоцны буудалд амиа алдсан юм.  Малайзын цагдаагийнхан түүний арьсанд олон улсын химийн зэвсгийн конвенциор хориглосон Ви Икс хорны ул мөр илрүүлснээ мэдэгдэж байсан билээ.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ким Чен Намын хүүгийн мэдэгдэл "youtube"-ээр цацагдаад байна   
Үзсэн: 588 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй