НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Сирийн асуудал эрхэлсэн тусгай элч төлөөлөгч Стаффан Де Мистура Сирийн Засгийн газар болон сөрөг хүчний төлөөлөгчдийн яриа хэлэлцээний шинэ шатыг энэ сарын 23-нд эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
Тэрбээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хаалттай хуралдааны дараа сэтгүүлчдэд ийнхүү мэдэгджээ. Энэ сарын 23-ны өдөр гэж товлоод байгаа хэлэлцээ нь Сирийн эрх баригчид, сөрөг хүчний төлөөлөгчдийн хооронд болох тав дахь хэлэлцээ юм байна. Женев хотноо ээлжит энэ хэлэлцээг хийхээр төлөвлөж байгаа бөгөөд одоогоор талуудын шууд яриа хэлэлцээ хийх нь үр дүн муутай гэж үзсэн хэвээрээ байгаагаа тусгай элч төлөөлөгч мэдэгдсэн юм.
Мөн Казакстаны Астана хотноо энэ сарын 14-15-ны өдрүүдэд болох Сирийн асуудлаарх зөвлөлдөх уулзалтад оролцогчдод хандаж гал зогсоох дэглэмийг дэмжихтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэхийг уриалжээ. Энэхүү уулзалтад НҮБ-ын төлөөлөгчид оролцохыг мөн мэдээлсэн юм. Тэрбээр Женевт болох шинэ шатны яриа хэлэлцээ Сирид их бөмбөгдөлт зогссон нөхцөлд болох нь чухал байгааг онцолсон байна.
Өнгөрсөн сарын 23-наас энэ сарын 3-ны хооронд 10 сар гаруй тасалдаад байсан Дамаск, сөрөг хүчнийхний уулзалт хэлэлцээ Женев хотноо сэргэсэн юм. Харин НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн өчигдрийн хаалттай хуралдааны үр дүнд гишүүн 15 орон тусгай элч төлөөлөгч Стаффан Де Мистурагийн хүчин чармайлтыг дэмжихээ баталсан байна. Аюулгүйн зөвлөлийн өмнөөс тус зөвлөлийг тэргүүлэгч Британийн дипломат Мэттью Райкрофт мэдэгдэл хийхдээ тав дахь шатны яриа хэлэлцээнд оролцогчдод хандаж илүү үр дүнтэй ажиллахыг уриалсан байна.
| Сирийн Засгийн газар, сөрөг хүчний төлөөлөгчдийн ээлжит хэлэлцээ энэ сарын 23-нд болно | ||
| Үзсэн: 658 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.