Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурал, Бүх Хятадын ардын зөвлөлдөх зөвлөлийн хуралдаан болж байгаатай холбоотойгоор Хятадын Гадаад хэргийн сайд Ван И сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурал хийлгэж дэлхий нийтийн өмнө тулгамдаж байгаа асуудлууд, олон улс, бүс нутаг, хоёр талын харилцаа хамтын ажиллагааны тухай Хятад улсын байр суурийг илэрхийллээ. Түүний хэвлэлийн бага хурал хоёр цагийн туршид үргэлжилсэн бөгөөд дотоод, гадаадын 21 сэтгүүлчийн асуултад хариуллаа.
Тэрбээр бүслүүр, зам санаачилгын хэрэгжилт, АНУ, ОХУ-тай харилцах харилцаа, Өмнөд Хятадын тэнгис болон Солонгосын хойгийн байдлын тухай Хятад улсын байр суурийг илэрхийлсэн юм. АНУ, Өмнөд Солонгос цэргийн хамтарсан сургуулилтаа энэ сард эхлүүлсэн, Умард Солонгос пуужингийн туршилт хийсэн, Өмнөдөд Америк пуужингаас эсэргүүцэн хамгаалах төхөөрөмжөө байрлуулж эхэлсэн зэргээс үүдэн Солонгосын хойгийн байдлын талаар илүү онцгойлон хөндсөн юм.
Хятадын Гадаад хэргийн сайд Ван И "Өмнөд Солонгост пуужингаас эсэргүүцэн хамгаалах Америкийн систем байрлуулах нь том асуудал. Хятад улс үүнийг эсэргүүцэж байна. "Тхаад" систем үйлчлэх хүрээ нь Солонгосын хойгоор хязгаарлагдахгүй гэдгийг бүгд л ойлгож байгаа байх. Энэ систем Хятад улсад ч аюул заналхийлэл учруулна. Манай түнш алдаагаа ойлгож, шийдвэрээ эргэн харах байх гэж бид найдаж байна. Нөхцөл байдлыг хурцатгалгүйгээр найрамдал, энх тайвны төлөө хүчин чармайлт гаргана гэж итгэж байна" гэлээ.
Мөн Хятадын Гадаад хэргийн сайд их гүрнүүд дэлхий нийтийн хөгжил цэцэглэлтэд илүү их хувь нэмэр оруулах ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Хятад улс том, жижгээс үл хамааран бүх улс орнууд тэгш эрхтэй. Аль нэг улс орон бусдыгаа удирдан, зааварчлах ёсгүй гэсэн байр суурьтайг мэдэгдсэн юм. АНУ, Хятадын харилцааны тухайд тогтвортой, эерэг хөгжлийн замдаа орсон гэж тодорхойлсон бол ОХУ, Хятадын харилцаа гуравдагч хүч саад болж чадахааргүй сайжирсан гэж үнэлсэн юм. Түүнчлэн Өмнөд Хятадын тэнгисийн бүс нутгийн байдал сүүлийн үед харьцангуй тайван болж бүс нутгийн улс орнууд яриа хэлэлцээ, зөвшилцлийн зөв замд эргэн ороод байгааг тэмдэглэн хэлсэн байна.
| Ван И: Өмнөд Солонгост пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем байрлуулахыг БНХАУ эсэргүүцэж байна | ||
| Үзсэн: 626 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.