Шууд Chart

“Mongolian Weekend School” сургуулийн нээлт боллоо

2017-03-13 09:38:20

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам, Сөүл хотын захиргаатай хамтран БНСУ-д ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийн хүүхдүүдэд эх хэл, соёл, зан заншлын талаарх мэдлэгийг эзэмшүүлэх “Mongolian Weekend School” сургуулийг энэ сарын 12-нд “Сөүл глобал төв”-д нээлээ.

Тус сургуулийн нээлтэнд Элчин сайд Б.Ганболд, Сөүл хотын Гадаад харилцаа хариуцсан Элчин сайд Ким Чан Бом нар оролцож, баяр хүргэв.

Б.Ганболд хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-д айлчлах үеэрээ тус улсад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийн хүүхдүүдэд төрөлх хэлээ эзэмших, түүх соёлоосоо суралцах боломжийг нээх үүднээс Сөүл хотод амралтын өдрүүдэд ажилладаг Монгол сургууль байгуулах саналыг Сөүл хотын дарга Пак Вон Сүнд тавьсан. Ингэснээр Сөүл хотын захиргаанаас хичээллэх анги танхимаар хангаж өгснөөр энэ санаачилга ажил хэрэг болж, “Mongolian Weekend School” сургууль байгуулагдаж байна” гэв.

Нээлтийн арга хэмжээнд БНСУ-ын ГХЯ, Сөүл хотын захиргааны газар, хэлтсийн удирдлагууд болон Солонгос дахь Монгол иргэдийн холбоод, “Mongolian Weekend School” сургуулийн багш, эцэг, эхчүүд зэрэг 150 гаруй хүн оролцсон юм.

Өнөөдрийн байдлаар манай 35 мянган иргэн БНСУ-д ажиллаж амьдарч байгаагаас 0-18 насны 2000 гаруй хүүхэд байдаг аж. ЭСЯ-наас иргэдийнхээ дунд онлайнаар санал асуулга явуулж, хүүхдүүдийн нас, хичээлийн агуулга зэргийн нарийн судалгааг гаргаж, бусад улсад үйл ажиллагаа явуулж буй Монгол сургуулиудын туршлагаас судалсны үндсэнд Монгол хэлний суурь мэдлэг олгохоос гадна, танин мэдэхүйн хөгжөөнт тоглоом наадгай, дуу хөгжим гээд илүү сонирхол татахуйц хичээлийн хөтөлбөр боловсруулан гаргасан байна. Эхний ээлжийн элсэлтээр 7-12 насны бага, дунд ангид суралцаж байгаа хүүхэд хамрагдаж, хоёр бүлэгт хуваагдан ням гараг бүр хичээллэх юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Mongolian Weekend School” сургуулийн нээлт боллоо   
Үзсэн: 551 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй