Бельгийн Брюселль хотод Европын холбооны зөвлөлийн шинэ байр баригджээ. Энэ барилгыг Европын холбооны төсвөөс гарган барьсан бөгөөд нийт өртгийн хэмжээ 321 сая еврогоор хэмжигдэж байна. Ийм их хэмжээний төсвөөр бүтсэн Европын холбооны зөвлөлийн төв байрыг эсэргүүцэж байгаа иргэд, мөн дэмжиж байгаа иргэд байгаа ч, дэмжиж байгаа иргэдийн тоо давуу байгаа аж. Гадна талдаа дөрвөлжин хэлбэр загварыг агуулсан бол дотоод загварын хувьд бөмбөрцгийн хэлбэртэй баригдсан энэ барилгыг харсан хүмүүс “өндгөн байшин” ч гэж нэрлэсэн байна.
Архитекторын шилдэг шийдлийг бодит амьдрал дээр буулгаж чадсан энэ барилгын төсөв маш өндөр байгаатай холбоотойгоор Бельгийн дийлэнх иргэд болон гадны иргэд дургүйцлээ илэрхийлж эхлээд байгаа юм. Учир нь дэлхийн зарим улс оронд ядуурал, дайн, өлсгөлөн, дотоодын мөргөлдөөн, цагаачдын нүүдэл гээд бусад олон асуудалтай тулгараад байгаа энэ цагт Европын холбоо маш их хэмжээний зардлыг ганц барилгад зарцууллаа гэж шүүмжлэх болсон.
Тус барилгад хурлын томоохон 3 заал, бага хэмжээний 10 заал, технологийн дэвшлийг түлхүү ашигласан өрөө тасалгаа, орчин үеийн техник хэрэгсэл гээд бүхий л зүйлс нь автоматжсан, хамгийн чанартай, дээд зэрэглэлийн төдийгүй аюулгүй байдлыг өндөр хэмжээнд хадгалах хамгаалалтын систем, инновацийн судалгааны лаборатори, ЕХ-ны гишүүн орнуудын харьяа өрөө зэрэг бусад зүйлс багтсан юм байна. Барилгын дээд давхарт нарны эрчим хүчний 636 ширхэг хавтан, борооны усыг дахин ашиглах системтэй баригджээ.
Барилгын ажлыг гүйцэтгэсэн "Европа Бүйлдинг" компанийн удирдлагын зүгээс хэлэхдээ, цаашид дээд хэмжээний уулзалт, хурлыг зохион байгуулах арга хэмжээ улам нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн байна. Учир нь 2004 онд л гэхэд ЕХ-ын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүнүүд жилд 4 удаа хуралддаг байсан бол энэ тоо тэр үеэс хойш жилд 9 удаа хуралддаг болж нэмэгдсэн гэнэ.


| ЕХ-ны Зөвлөлийн шинэ төв байр 321 сая еврогоор баригджээ | ||
| Үзсэн: 762 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.