Орхон аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төв нь хэд хэдэн үндсэн шалтгааны улмаас орон тооны цомхотгол хийхээр болсоноо мэдэгдлээ.
БОЭТ-ийн стандартын шаардлагад 700 гаруй хүн ажиллах шаардлагатай. Тэгвэл Орхон аймгийн хувьд хуучин нэгдсэн эмнэлэгийн орон тоотойгоор буюу 511 хүний оронтойтой ажиллаж, 440 гаруй ортой, 100 гаруй мянган хүнд үйлчилж, нэмэгдлээр Булган, Сэлэнгэ, Хөвсгөл, Архангай аймгийн иргэдэд, яаралтай болон төлөвлөгөөт тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.
Харин 2017 онд БОЭТ-г 479 хүний орон тоотой ажиллах нөхцөлтэйгээр бүх цалингийн төсвийг, эрүүл мэндийн яамнаас баталсан бөгөөд дахин өрөнд унаж, алдагдалтай ажиллахгүйн тулд орон тооны цомхотгол хийх шаардлага үүссэн байна.
Өмнөх жилүүдэд БОЭТ нь байнга орон тооны хэтрэлттэй ажиллаж ирсэн ба 2016 оны байдлаар 800 гаруй сая төгрөгийн өр хуримтлагдсаны 70 хувь нь зөвхөн ажилчдын цалин тавихад зарцуулагдаж байсан байна. Тиймээс энэ 511 хүний оронтоотойгоор хэвээр ажилласаар байвал, ирэх зургадугаар сараас эхлэн, ажилчдын цалин тавих чадваргүй болох хэмжээнд хүрээд байгааг холбогдох албан тушаалтан хэлээд, цомхотгол хийхээ мэдэгдэв.
2016 оны БОЭТ-д хуримтлагдсан 800 сая төгрөгийг хөдөлмөрийн яам, сангийн яам, эрүүл мэндийн яам, орон нутгийн удирдлагууд, нийгмийн даатгалын хэлтсийн дэмжлэг туслалцаатайгаар, мөн эмнэлэгийн ажилчид цалингийн урамшуулал зэргийг авалгүйгээр, өрийг дарж тэглэсэн. Гэвч энэ өрийн байдал энэ жил дахин гарч ирсээр байгаа юм. Мөн энэ хүртэлх хугацаанд орон тооны цомхотгол хийлгүй, олон зохицуулалт хийж ажилласан ч, өр үүссээр байгаа юм.
Энэ нь эмийн үнийн өсөлт, нөгөө талаар Дэнж багт байрлах 21 хүний орон тоотой эмнэлэг байгуулагдсантай холбоотойгоор, албан ёсоор төсвийг нэмж суулгасан баримт бичиг, төсөв суугддаггүйтэй холбоотой гэв.
Дэнжийн эмнэлэгийн урсгал засвар, цалин хөлс зэрэг асуудлаас шалтгаалан, БОЭТ-д өрийн дарамт ихээр үүсдэг байна. Дэнж багт байрлах энэхүү эмнэлэг нь хавдар, уламжлалт эмчилгээ, төлбөртэй тасаг зэргээр гурван жилийн хугацаанд 2300 орчим хүнд үйлчилсэн байдаг ба хамрах хүрээ үйлчилгээ нь, гарч байгаа зардалтайгаа нийцэхгүй өндөр байгааг албаны хүн хэлж байна.
Тиймээс дэнжийн эмнэлэгийн үйл ажиллагаа, эмчилгээг БОЭТ-д татан үргэлжлүүлж, төлбөртэй тасгийн үйл ажиллагааг зогсоох гэнэ. Харин эмнэлэгийн зүгээс цомхотголыг хууль эрхзүй, хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу хийж гүйцэтгэж, тэтгэвэр тэтгэмж авах боломжоор ханган ажиллахаа албан ёсоор мэдэгдлээ.
| Орхон аймгийн оношилгоо эмчилгээний төвд орон тооны цомхотгол хийнэ | ||
| Үзсэн: 696 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.