Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутагт 200 гаруй Тува үндэстэн буюу цаатан иргэд амьдардаг. Тэднийг манай улсын хамгийн цөөн тоот үндэстэн гэж тооцдог бөгөөд 2010 оны байдлаар 44 өрхийн 282 иргэн тоологдож байжээ.
Энэ талаарх мэдээллийг МҮОНРТ-ийн мэдээллийн дэмжигчээр хамтран ажиллаж байгаа "Бидний цөөхөн Монголчууд" төслийн аяны хүрээнд манай сайтан ирүүллээ.
2013 онд цаатан иргэдийг дэмжсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсны дараа цаатангууд отогтоо буцан ирснээр цаа бугын тоо толгой ч өсөх болсон хэмээн тайгын иргэд ярьж байна.
1985 онд тайгын цаатан иргэдийг ажлын байраар хангах, тэднийг нийгэмшүүлэх зорилгоор Цагааннуур сумыг засаг захиргааны нэгж болгон зохион байгуулж, тэнд цаа бугын болон загас агнуурын аж ахуй байгуулж байжээ. Гэвч зах зээлд шилжсэнээр эдгээр аж ахуй хувьчлагдан улмаар ажиллахаа больж, цаатан иргэд ч цаа бугын сүргээ маллахаас өөр ажилгүй, орлогогүй болжээ.




Гэрэл зургийг М.Зоригт.
Өвөрмөц соёл, аж ахуй нь жуулчдын анхаарлыг татах болсон нь өрхийн орлогод бага сага нэмэр болсон ч үр хүүхдээ сургах, амьдрал ахуйгаа өөд татах хэмжээнд болж байсангүй. 2013 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутагт оршин сууж, цаа буга маллаж байгаа уйгур угсааны Тува хүмүүсийн амьдралын түвшинг дээшлүүлэх, тэдний боловсрол, эрүүл мэнд нийгмийн хамгааллыг сайжруулах, цаа бугын аж ахуйг сэргээх зорилго бүхий чиглэлийг Засгийн газарт өгсөн.
Зарлигаар Тайгад амьдардаг насанд хүрсэн иргэн амьжиргааны доод түвшинтэй тэнцэх хэмжээний, 18 хүртэл насны цаатан хүүхдэд түүний 50 хувьтай тэнцэх тэтгэмж олгох, нийгмийн даатгалд хамруулах болжээ. Түүнчлэн цаатан иргэдэд үйлчилж буй эмч нарт цалингийн нэмэгдэл олгох, унаа машинаар хангах, цаатан иргэдийг байгаль хамгаалагчаар ажиллуулах, жил бүр цаатан иргэдийн тооллогыг хийж байх, Цагааннур сумын ЕБС-ийн бага ангийн хөтөлбөрт Тува хэлний хөтөлбөрийг оруулах, их дээд сургуульд суралцах цаатан оюутны зардлыг төрөөс даах гэх мэт маш тодорхой заалтыг тусгасан байдаг.
Энэ нь ч цаатан иргэдийн амьдралд бодитой дэмжлэг болсон хэмээн тайгын иргэд ярьж байна. Хамгийн сүүлийн үеийн тоогоор Цагааннуур суманд 130 гаруй өрхийн 600 орчим цаатан иргэн амьдарч байна. Цаа бугын тоо толгой ч нэмэгдэж 1500-д хүрчээ.
| Цагааннуур суманд 130 гаруй өрхийн 600 орчим цаатан иргэн амьдарч байна | ||
| Үзсэн: 4819 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.