АНУ-ын зүүн эргийн мужуудыг хүчтэй цасан шуурга дайрч байна. Тодруулбал Мэйн, Пенсилвани, Нью Йорк, Нью Жерси, Коннектикут, Охаио, Баруун Виржини, Нью Хэмпшир, Мэйн зэрэг мужад цасны зузаан зарим газраа 30 гаруй см-т хүрчээ. Салхины хурд ч далайн эргийн бүсэд цагт 60-70 мильд хүрч ширүүсч байна. Одоогоор цасан шуурга дээрх мужуудаас Нью Ийнгланд руу шилжин, шуурч байгааг АНУ-ын үндэсний цаг уурын хүрээлэнгээс мэдээллэв.

Өчигдөр онц байдал тогтоосон Нью Йорк, Нью Жерси зэрэг мужад өнөөдөр онц байдлын горимыг цуцалж, зарим сургууль лхагва гарагийн өглөө үйл ажиллагаагаа сэргээх төлөвтэй. Харин Нью Ийнгландад онц байдлын горим үйлчилж байна. Хэдийгээр зарим мужид цасан шуурга намжиж, автозам болон төмөр замын хөдөлгөөнийг сэргээж байгаа ч муж, хотын эрх баригчид иргэдээ цаг агаарын таагүй байдалд бэлтгэлтэй байж, онцын шаардлагагүй бол аялалд гарахгүй байхыг сэрэмжлүүлсээр байна.

Таван сая орчим иргэнд цаг агаарын таагүй байдлаас сэрэмжлүүлэх мэдээллийг АНУ-ын үндэсний цаг уурын хүрээлэнгээс өгөөд байгаа аж. Пенсилвани, Нью Йоркд цасан шуурганы улмаас өчигдөр автозамын хөдөлгөөн нэлээн саатаж, хотын захаас хотын төв чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг түр зогсоосон байна. Цасан шуурга болсон нийт мужад 220 гаруй мянган хүн гэрэл цахилгаангүй болсны дотор Массачуссетс л гэхэд 68 мянга орчим хүн гэрэл цахилгаангүй болжээ.
Түүнчлэн Нью Йоркийн гурван томоохон нисэх онгоцны буудал олон мянган нислэгээ цуцалж, цасан шуургатай байгаа нийт мужид 6000 гаруй нислэг цуцлагдсан мэдээтэй байна.


Зарим мужийн захирагч иргэдээ 7-10 хоногийн хүнсээ нөөцлөх, цэвэр усаа ч сайн бэлтгэхийг уриалав. Далайн эргийн Нью Йорк, Лон Айландад үер усны гамшиг давхар үүсэх эрсдэлтэй. Мөн цасан шуурга сүүлдээ бороо болох төлөвтэй байгаа аж. Энэхүү цаг агаарын таагүй байдал энэ долоо хоногийн сүүл хүртэл үргэлжилж, агаар хасах дөрвөн хэмд хүрч магадгүй байна. Хэрвээ цаг агаар хүйтэрвэл, цасан шуурга шуурсан мужуудад мөсөн бүрхүүл үүсэх төлөвтэй байгааг цаг уурчид анхааруулаад байгаа гэнэ.
Харамсалтай нь цаг агаарын энэ таагүй байдлын улмаас гурван хүн амь насаа алдсаны хоёр нь Висконсинд бүртгэгдсэн байна.
Цаг агаарын энэ таагүй байдалтай холбоотойгоор АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзалт хэлэлцээ хийх зорилгоор Вашингтонд өчигдөр айлчлах байсан Германы канцлер Ангела Меркель төлөвлөгөөт айлчлалаа энэ баасан гарагт болгож, хойшлуулаад байна.
Түүнчлэн Ирландын ерөнхий сайд Бостон болон Вашингтонд хийх богино хугацааны айлчлалаа цуцалсан байна. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулж Дотоодыг аюулаас хамгаалахын сайд болон холбооны онц байдлын газрын удирдлагатай утсаар ярьж, шаардлагатай гэсэн газарт тусламж нэн даруй хүргэхэд бэлтгэлтэй байхыг үүрэг болгосон байна.
Америкчуудын хувьд ийм хүчтэй, их цастай шуурга болно гэж төсөөлөөгүй. Учир нь өнгөрсөн хоёрдугаар сар Америкчуудын хувьд 1895 оноос хойшхи хамгийн дулаан сар болсныг судлаачид нь мэдээлж байсан юм.
2016 онд Нью Иорк хотод тус хотын түүхэнд байгаагүй их цас унаж байсан. Тухайн үед 24 цагийн дотор Нью Йорк хотын централ паркд 27.3 инч цас унаж, энэ нь түүхэнд бичигдэж байв.
| АНУ-ын зүүн эргийн мужууд цасанд дарагдаад байна | ||
| Үзсэн: 891 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.