Нидерландад өнөөдөр бүх нийтийн сонгуулийн санал хураалт эхэлж байна. Энэ удаагийн сонгуулиар төлөөлөгчдийн танхимын 150 гишүүнийг сонгох юм. Аль ч нам парламентад олонх болоход доод тал нь 76 суудал авах ёстой.
Хэрвээ 76 суудал авч чадахгүй бол эвслийн засгийн газар байгуулах шаардлагатай болно. Одоогийн байдлаар эрх баригч нам болон сөрөг хүчин тус бүр 60 орчим суудал авах төлөвтэй байгаа. Иймд сонгуулийн дараа засгийн газар бүрдүүлэх асуудал сунжирч магадгүй гэж ажиглагчид харж байна.
Сонгуулийн гол өрсөлдөөн Ерөнхий сайд Марк Рюттегийн баруун төвийн нам, цагаачлалын эсрэг үзэлтэй, сөрөг хүчний Эрх чөлөөний намын хооронд болох төлөвтэй буй.
Марк Рютте “Энэ удаагийн сонгууль бол ард түмэнд популизмыг нураах, үгүй хийх эсэхийг шийдэх боломжийг олгож байгаа юм” хэмээн сонгуулийн учир холбогдлыг дүгнэв. Харин сөрөг хүчний нам Нидерландыг Европын холбооноос гаргаж, Исламын шашны бүх сүм хийдийг хаана. Коран судрыг улс орон даяар хориглоно гэсэн амлалт өгч байгаа юм.
Энэ сонгуулийн өмнөхөн Нидерланд Туркийн хооронд дипломат маргаан нэлээн хурцадсан. Энэ улс төрийн нөхцөл байдал сонгуулийн үр дүнд нөлөөлж ч магадгүй гэж зарим улс төрч харж байна. Мөн Нидерландын энэ сонгууль бол 2017 онд Европ тивд болох гурван чухал сонгуулийн эхнийх нь юм. Энэ онд Нидерланд, Франц, Герман гэсэн Европын холбооны гол орон сонгуультай. Нидерландын сонгуулийн үр дүн Герман, Францын сонгуулийн үр дүнд ч мөн нөлөөлөх талтай байгаа юм.
| Нидерландад өнөөдөр бүх нийтийн сонгуулийн санал хураалт эхэлнэ | ||
| Үзсэн: 839 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.