Шууд Chart

Болгар улс Турк дахь Элчин сайдаа эргүүлэн татлаа

2017-03-17 12:29:07

Болгарын эрх баригчид Турк улсад суугаа Элчин сайдаа түр эргүүлэн татаад байна. Энэ шийдвэрээ тэд тайлбарлахдаа Анкара Турк гаралтай  Болгарын иргэдийн ашиг сонирхлыг хамгаалдаг намд дэмжлэг  үзүүлж дотоодын сонгуулийн үйл  явцад  хөндлөнгөөс оролцож байна гэж  буруутгасан  юм.

Болгарын Гадаад хэргийн яам тус улсад ирэх 26-нд болох парламентын сонгуулийн өмнө дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцож байна гэж Туркийг буруутгаж, өнгөрсөн 7-ны өдөр Турк улсад суугаа Элчин сайдаа  эргүүлэн  татлаа. Болгарын тал Туркийн Хөдөлмөр, нийгмийн хангамжийн сайд  Мехмет  Мюэззиноглуг  Турк дахь Болгарын  иргэдэд  хандаж Хариуцлага,  эрх чөлөөт ардчилагчид намын төлөө саналаа  өгөхийг  уриалж байсныг  нь сануулсан юм. 

Болгарын улс төрийн энэ хүчин Турк гаралтай иргэдийн эрхийг хамгаалагч Хүний эрх, эрх чөлөөний хөдөлгөөн нам хуваагдсанаар үүсэн байгуулагдсаныг мөн тэмдэглэсэн байна. Болгарын дотоод хэрэг, аюулгүй байдал, батлан хамгаалахын  асуудал  эрхэлсэн шадар  сайд Стефан  Янев  мөн  сонгуулийн  өмнө  цагаачдын  урсгал  нэмэгдэж  магадгүйг анхааруулжээ. Тодруулбал, Турк улсад амьдардаг, Болгар, Туркийн давхар иргэншилтэй иргэд парламентын сонгуульд оролцож санал өгөхөөр Болгарыг олноороо зорьж магадгүй гэж таамаглаж буй юм байна. Мөн тэрбээр  Турк улсад амьдардаг Болгарын иргэд олноороо хил нэвтрэхийн эсрэг арга хэмжээг Засгийн газраас авах болно гэж мэдэгдсэн юм. Болгарын Гадаад Хэргийн сайд Ради Найденов  харин  Анкара, Софигийн түншийн харилцааг хамгаалахыг зорьж байгаагаа мэдэгдэж, хоёр орны хооронд үүсээд байгаа хурцадмал байдлыг  намжаахыг чармайсан байна. Болгарын нийт хүн амын 13 хувь нь мусульман шашинтнууд байдгийн ихэнх нь Турк гаралтай  иргэд  юм байна. Харин Турк улсад Болгар гаралтай 60 гаруй мянган иргэн амьдардаг байна.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Болгар улс Турк дахь Элчин сайдаа эргүүлэн татлаа   
Үзсэн: 1182 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй