Шууд Chart

Өмнөговь аймгийн зарим сумдад цагийн нөхцөл байдал хүнд байна

2017-03-25 16:30:30

Өмнөгвь аймагт цагийн байдал хүнд хэвээр байна. Тус аймгийн Сэврэй, Мандал-Овоо суманд тал газраа нэг метр, хотгор газраа  хоёр метрийн зузаан цастай байгаа учраас аймгаас сумдад хүрч өвс тэжээл хүргэж чадахгүй байна. Өмнөговь аймгийн нутгаар энэ сарын 21-нээс эхлэн их хэмжээний цас орж гамшгийн нөхцөл байдал үүссэн.  Одоогийн байдлаар есөн сумын 1001 өрхийн 427 мянган мал бэлчээрлэх боломжгүй цасанд боогдсон, найман сумын 50 өрхийн 25 мянган мал цасанд дарагдсан, дөрвөн сумын 9 өрхийн 5265 толгой мал цасан шуурганд уруудсан байдалтай байна.  Мөн хоёр сумын 35 мал хорогдсон гэсэн мэдээтэй байна.

Одоогийн байдлаар Булган, Баяндалай, Сэврэй сумдад цагийн нөхцөл байдал хүнд байгаатай холбогдуулан аймгийн Онцгой комисс 21-нээс эхлэн 24 цагаар жижүүрлэн сумуудтай байнгын холбоотой байж, цаг тухай бүр мэдээлэл авч холбогдох арга хэмжээ авсаар  байна.

Аймгийн Засаг даргын нөөцөд 100 тонн өвс тэжээл бэлтгэснээс 80 тонныг нь хөдөө сумдад хүргүүлэхээр явуулсан бөгөөд Өмнөговь аймгийн улсын нөөцөд 220 тонн өвс, 110 тонн тэжээл байгаа аж. 2016 оны наймдугаар сард бүх сум, малчдад өвс, тэжээл, хужир шүү, гар тэжээл бэлтгэх тухай аймгийн Засаг даргын албан даалгавар өгсөн хэдий ч энэхүү байгалийн сорилтод малчид өвс, тэжээлгүй, сумд өвс, тэжээл татаагүй, өвлийн бэлтгэл муу хангасан байдалтай байжээ.

Цасан шуурганы үеэр 52 малчин төөрч, 51-ийг нь эсэн мэнд олсон бөгөөд Сэврэй сумын Хоолт багийн иргэн 51 настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэн “Д” 22-нд гэрээсээ гараад одоо болтол олдоогүйгээс эрлийн ажил үргэлжилж байгаа аж. Мөн Баяндалай суманд 15 настай хүүхэд малынхаа араас явж төөрснийг цасанд дарагдан хуруу гарын үзүүр хайрагдсан байдалтай олж, эмнэлэгт хүргэсэн,  одоо биеийн байдал сайн байгаа" гэж аймгийн Засаг дарга Н.Наранбаатар мэдэгдлээ.  Маргаашнаас эхлэн цаг агаар дулаарч нэмэх хэмтэй болохтой үүдэн шар усны үер буух магадлал өндөр байгааг ард иргэдэд онцгой анхааруулж байна.

Д.Мишигсүрэн /"Монголын мэдээ" телевиз/

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өмнөговь аймгийн зарим сумдад цагийн нөхцөл байдал хүнд байна   
Үзсэн: 921 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй