БНХАУ, Чили, Египет улс Бразилийн махны импортод тавьсан хоригоо цуцаллаа. Эдгээр улс Бразилийн мах үйлдвэрлэгчид олон жилийн туршид чанар муу мах нийлүүлж байсан нь нотлогдмогц Бразилиас мах импортлоход хориг тавьсан юм.
Бразилийн хөдөө аж ахуйн сайд Блайро Магги “Ройтер” агентлагт өгсөн ярилцлагадаа “Энэ бол Бразилийн эрх баригчдын асар их хүчин чармайлтын үр дүн. Эрх баригчид энд махны чанар бус тодорхой хүмүүсийн бохир аргыг мөрдөн шалгах хэрэгтэй гэдгийг олон улсад итгүүлж чадсаны үр дүн” гэлээ.
Сайд цааш нь хэлсэн үгэндээ “БНХАУ, Чили, Египет улсын энэ алхам олон улсад танигдсан манай ариун цэврийн хяналтад олон улсын хамтын нийгэмлэг хэрхэн ханддагийг дахин нотолж байгаа юм” гэдгийг онцоллоо. Хэдийгээр дээрх гурван орон махны импортод тавьсан хоригоо цуцалсан ч гэлээ чанаргүй мах нийлүүлсэн хэрэгт холбогдсон Бразилийн 21 компанийн хувьд хориг хүчин төгөлдөр байх юм байна.
Бразилийн эрх баригчид чанаргүй мах нийлүүлсэн худалдааны маш том сүлжээг илрүүлсэн. Энэ сарын 17-нд 30-аад түшмэлийг ажлаас нь халж, мах боловсруулах гурван үйлдвэрийг хаасан. Одоо 20-иод аж ахуйн нэгжид шалгалт хийж байна. Мах нийлүүлэгчид чанар нь муудсан мах нийлүүлэхийн тулд эрүүл ахуйн байцаагчид болон албан тушаалтнуудад хахууль өгч байсан нь тогтоогджээ. Бразил улс бол дэлхийд томд тооцогддог мах экспортлогч. Жилдээ 14 тэрбум долларын бүтээгдэхүүн нийлүүлдэг байна. Энэ шуугиан дэгдсэнээс хойш махны экспорт эрс унасан юм.
| БНХАУ Бразилийн махны импортод тавьсан хоригоо цуцаллаа | ||
| Үзсэн: 891 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.