Лондон хотод хэдэн арван мянган хүн Их Британи улсыг Европын холбооны гишүүн байлгахын төлөө жагсаал хийлээ. Жагсаалд оролцогчид Европын холбооны туг далбааг барин Пэлл-Мэлл, Уайтхоллын өргөн чөлөөгөөр явж, Нэгдсэн вант улсын парламентын ордны өмнөх талбайд цуглаан хийхийн хажуугаар "Вестминстер"-ын гүүрэн дээр болсон террорист халдлагад амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэлээ.
Жагсаалыг зохион байгуулагчдын хэлж байгаагаар энэ ажиллагааг Европын эдийн засгийн хамтын нийгэмлэгийн суурь нь болж өгсөн Ромын гэрээг баталсны 60 жилийн ойд зориулсан юм байна. Гэхдээ улс төрийн гол зорилго нь Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйд энэ сарын 29-нөөс эхлүүлэхээр товлоод байгаа Лиссабоны гэрээний 50-р заалтыг хэрэгжүүлэх ажлыг ихэнх британчууд дэмжихгүй байна гэдгийг мэдэгдэхэд оршиж буй аж.
Зарим жагсагч Европын холбооноос гарахгүйгээр холбоог шинэчлэх зайлшгүй шаардлага байгааг хэлж байна. Өнгөрсөн лхагва гарагт Лондон хотод алан хядах ажиллагаа болсонтой холбогдуулан хууль сахиулах байгууллага хотын гудамжинд аюулгүй байдлын арга хэмжээг чангатгаж, зэвсэглэсэн эргүүлээр хүч нэмжээ.
Цагдаа нар энэ жагсаал ингэж олны анхаарлыг татна гэдгийг тооцоолоогүй. Зарим мэдээгээр энэ жагсаалд оролцохоор орон нутгаас хүртэл хүмүүс хүрэлцэн ирсэн байна. Шотландын нийслэл Эдинбург хотод бас ийм жагсаал боллоо. Шотландын иргэд Их Британи Европын холбооноос гарах болсныг дэмжихгүй эсэргүүцэж байна.
| Лондон хотод хэдэн арван мянган хүн "Brexit"-ийн эсрэг жагсаалд оролцлоо | ||
| Үзсэн: 1216 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.