Өмнөговь аймгийн Булган сумын нутаг дахь Баянзаг хэмээх газар динозаврын музей байгуулах ажлыг эхлүүллээ.
Говь нутгийн онцлогийг харуулсан динозаврын музейг, судалгааны төвийн хамт байгуулахаар ярилцаж байна. Энэхүү бүтээн байгуулалтын ажлын эхлэл болгож Монголын динозавр судлалын хүрээлэн ТББ-ын тэргүүн М.Болорцэцэгээр ахлуулсан АНУ-ын ЗГ-ын харъяа үндэсний паркийн палеонтлогич, архитектурч нараас бүрдсэн судлаачдын баг аймгийн удирдлагуудтай уулзаж санал солилцлоо.
Дэлхийд алдаршсан динозаврын ховор олдворууд дээрх газраас олдсон бөгөөд энэ түүхэн олдворыг хадгалж хамгаалах, үр хойчдоо өвлүүлэх, үүнийг дагасан аялал жуулчлалыг хөгжүүлэх үүрэг бий болж байгаа юм. Тиймээс Баянзагт динозаврын музейг судалгааны төвтэй цогцоор нь байгуулах ажлыг эхлүүлж байна.
Музейг байгуулахад эхлээд судалгааны ажлыг хийх хэрэгтэй бөгөөд судлаачид Баянзагт судалгааны ажлаа ирэх долоо хоногоос эхлүүлэхээр боллоо.
Ямар нэг дорвитой ажил хийгдэхгүй энэ хэвээрээ явбал таван жилийн дараа Баянзагийг үзэхээр ирэх жуулчин цөөрч, ховор олдворууд үнэ цэнэгүй болно. Тиймээс бид тохижилт бүтээн байгуулалтын ажлыг хийж, судалгааны төвийг байгуулан дэлхийн анхаарлыг татах динозаврын музейг байгуулах нэн тэргүүний шаардлагатай хэмээн албаныхан ярьж байна.
Музей баригдсанаар дээрх аймгийг зорих жуулчдын тоо өсч, үүнийг дагаад орон нутагт орох орлого нэмэгдэнэ. Түүнчлэн ховор олдворт судалгаа хийж олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэд Өмнөговьчуудын дундаас төрөх боломжтой.
| Өмнөговьд динозаврын музей байгуулна | ||
| Үзсэн: 2286 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.