Архангай аймгийн Цахир суманд Эрүүл мэндийн төвийн шинэ барилга нэн шаардлагатай байгааг эмнэлгийн эмч, ажилчид болоод нутгийн иргэд хэлж байна.
Тус сум нь Архангай аймгаас баруун тийш 230 км бөгөөд сумын Эрүүл мэндийн төв нь сумынхаа 3000 гаруй иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байна. Гэвч энэ үйлчилгээ доголдож, өчтөнүүдийн сэтгэл ханамж буурч, эмчилгээний үр дүн ч суларчээ.
Дээрх сумын эрүүл мэндийн төвийн одоо байгаа барилга нь 2004 онд ашиглалтанд орсон бөгөөд 2008 оноос эхлэн хөрсний мөнхийн цэвдэгшлээс болж, суурь болон ханаараа цуурч, нэвт салхилдаг болсон байна. Тиймээс ажилчид нь жил болгон чадлынхаа хэрээр хөөсдөж, дулаалдаг ч үр дүнгээ өгөх нь бага аж.
2010 онд 30 сая төгрөгөөр дээвэр, хаяавч, цонх хаалганы урсгал засвар хийсэн ч жил ирэх тусам цууралт гүн болж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэхэд хүндрэлтэй болоод байна.
Энэхүү барилгыг 2015 онд 38 хувьтай ашиглаж болно гэж Архангай аймгийн МХГ-ын акт, дараа нь 2016 оны тавдугаар сард ашиглахыг бүрэн хориглосон актыг тус тус гаргасан ч өнөөдрийг хүртэл эмнэлгийн эмч, ажилчид өөрсдийн нөөц боломжоо ашиглан эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсээр буй.
Хагарч цуурсан, цэв хүйтэн орчинд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлнэ гэдэг эмч, ажилчдын хувьд тун хүнд. Доороосоо даарсны улмаас бөөрний үрэвсэлтэй болж эрүүл мэндийн өөрчлөлтүүд ч гарч байгааг эмнэлгийн эрхлэгч эмч М.Болормаа хэлж байв.
Аймгийн Засаг даргын нөөц сангаас таван сая төгрөгийг шийдэж, тус эмнэлгийн хагарч цуурсан нүүрэн хэсгийг хөөсдөж, нэмэлт дулаан ялгаруулагч ашиглаж байж энэ өвлийг өнгөрөөж байгаагаа ч ярьсан юм.
| Цахир суманд ЭМТ-ийн шинэ барилга нэн шаардлагатай байна | ||
| Үзсэн: 2152 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.