Парагвай улсын хүүхэлдэй үйлдвэрлэгчид орчин үеийн техник технологийн хөгжлийг “Амару” нэртэй хүүхэлдэйнд маш ухаалаг ашигласан юм. Энэ хүүхэлдэйн дотор мэдрэгч бүхий электрон төхөөрөмж суулгасны дүнд уг хүүхэлдэйнд зүй бусаар хүрэхэд, хүүхэлдэй үг хэлдэг байна.
Тухайлбал, гараа ав, чи намайг өвтгөөд байна, надад битгий хүр, би чамайг ээждээ хэлнэ шүү гэж хэлдэг аж. Энэхүү тоглоомоор дамжуулан бяцхан хүүхдүүдэд бэлгийн хүчирхийллээс хэрхэн өөрсдийгөө хамгаалах талаар хэлж өгөх зорилготой гэж зохион бүтээгчдийн зүгээс онцолж байгаа юм.
“Амару” хүүхэлдэй нь бэлгийн хүчирхийллийн эсрэг зохиогдсон анхны тоглоом гэдгийг онцлон хэлэх хэрэгтэй. Энэ тоглоомыг хийх болсон гол шалтгаан нь бяцхан хүүхдүүдийн дунд чимээгүй аюул өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буйтай холбоотой аж. Парагвай улсын хувьд хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж, улмаар амь насаа алдах явдал сүүлийн жилүүдэд эрс өсч байна.
Ганц жишээ дурдахад, дунджаар өдөрт 14-өөс доош насны хоёр хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөний улмаас жирэмсэн болсон байна. Түүнчлэн 2015 онд л гэхэд улсын хэмжээнд нийт 778 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж, үүний улмаас жирэмсэн болсон гэсэн судалгааг тус улсын Эрүүл мэндийн яамнаас өгч байгаа юм. Тиймээс тус улсын Засгийн газар өнгөрөгч онд Парагвайн Боловсрол соёл, шинжлэх ухааны яам, хувийн компаниудтай хамтран хийсэн 50 ширхэг хүүхэлдэйг дунд сургууль болон боловсролын байгууллагуудад тараажээ.
Яамны зүгээс ирэх оны дөрөвдүгээр сар гэхэд улсын хэмжээнд 500 хүүхэлдэйг тараах төлөвлөгөөтэй ажиллаж буй юм байна. Түүнчлэн дунд сургуулийн 130 багшид энэ хүүхэлдэйг хэрхэн ашиглах, сурагчдадаа ашиглах зааврыг хэрхэн өгөх талаар сургалт семинарыг энэ сарын сүүлчээр зохион байгуулах юм. Мөн тоглоомыг илүү сайжруулж хөгжүүлэхийн тулд олон улсын “Эмнести интернейшнел” байгууллагын дэмжлэгтэйгээр “Диаз Гил” хэмээх лабораторийнхан хүүхэлдэйнд гэрэл суулгахаар ажиллаж байна.
| Хүчирхийллийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор хүүхэлдэй зохион бүтээжээ | ||
| Үзсэн: 759 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.