Туркийн Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг өргөжүүлсэн өөрчлөлт оруулах эсэх асуудлаарх бүх нийтийн санал хураалт ирэх сарын 16-нд Турк улсад болно. Гэхдээ хилийн чинадын орнуудад сууж байгаа Туркийн иргэдийн саналыг урьдчилж авч эхэлсэн. Тухайлбал, Бельгид суугаа Туркийн иргэд Элчин сайдын яамандаа саналаа өгч байна.
Гол нь энд аюулгүй байдлын өндөржүүлсэн хамгаалалтад бүх нийтийн санал хураалт болж байна. Өчигдөр Брюссель дэх Туркийн Элчин сайдын яамны гадна Ерөнхийлөгч Эрдоганыг эсэргүүцэгчид болоод дэмжигчдийн хооронд мөргөлдөөн гарсан учир ийнхүү аюулгүй байдлыг нь чангатгаад байна.
Бельгийн Ерөнхий сайд Чарльз Мишель түүний Засгийн газар хүчирхийллийг тэвчихгүй гэдгийг анхааруулсан байна. Ер нь Европын нийт 6 оронд өнгөрсөн даваа гарагаас эхлэн Туркийн иргэдэд үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаагаа илэрхийлэх боломж олгон сонгуулийн хэсэг хороодыг нээж ажиллуулжээ.
Сонгуулийн хэсэг, хороод Бельгиэс гадна Герман, Австри, Франц, Швейцарь, Дани дахь Туркийн дипломат төлөөлөгчийн газарт ирэх сарын 9-нийг хүртэл орон нутгийн цагаар 9-21 цаг хүртэл ажиллах ёстой юм.
Дэлхийн 57 орон дахь Туркийн дипломат төлөөлөгчийн 120 газарт 2.9 сая Туркийн иргэн саналаа өгөх эрхтэй юм байна. Бельгид л гэхэд Туркийн 136 мянган иргэн амьдардаг бол Германд хамгийн их буюу 1.4 сая иргэн амьдардаг гэсэн тоо баримтыг хэвлэлүүд дэлгэж байна.
| Бельги дэх Туркууд бүх нийтийн санал хураалтад оролцож байна | ||
| Үзсэн: 1704 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.