Өмнөд Солонгосын улс төрийн хүрээнийхэн Ерөнхийлөгч асан Пак Гын Хэг саатуулан хорьсон асуудлаар байр сууриа илэрхийлж байна. Тус улсын сөрөг хүчин болох ардчилсан намынхан хамгийн түрүүнд шүүхийн шийдвэр зөв гарсан гэж үнэлж байгаагаа илэрхийлсэн байна.
Тус намын дарга Чху Ми Э өмнөд Солонгост шударга ёс тогтох шинэ эргэлт боллоо гэж үнэлж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн парламент дахь ардын намын фракцын тэргүүн Чу Сын Ен хэдийгээр экс Ерөнхийлөгчийг саатуулж хорьсонд харамсаж байгаа ч шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байгаагаа илэрхийлжээ. Харин Парын намынхан энэ бол "нийгмийн эмгэнэл" гэж тодорхойлсон байна.
Өмнөд Солонгост тавдугаар сарын 9-нд Ерөнхийлөгчийн сонгууль болно. Сонгуульд өрсөлдөгчдөөс ч Пак Гын Хэг хорьсон асуудлаар байр сууриа илэрхийлж байна. Тухайлбал, Парын намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа Ю Сын Мин "Шударга ёс" намын нэр дэвшигч Сим Сан Чжон шүүхийн шийдвэр өмнөд Солонгост хууль дүрэм эн тэргүүнд байх ёстойг ойлгуулах эхлэл болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
Харин Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах өндөр магадлалтайд тооцогдож байгаа Мун Чжэ Ин Пак Гын Хэг хорьж саатуулсан шийдвэр бол Өмнөд Солонгос гэх нурж буй байшинг шинэчлэн засварлах эхний алхам байлаа гэж тэмдэглэн хэлжээ. Тэрбээр мөн хуучин хуудсыг эргүүлж, шударга шинэ нийгэм байгуулах эхлэл тавих боломжтой болж байна гэж харж байгаагаа ч илэрхийлсэн юм. Дахин сануулахад, өчигдөр болсон Сөүлийн шүүх хурлын шийдвэрээр Ерөнхийлөгч Пак Гын Хэг 20 хоногийн хугацаагаар хорьж саатуулахаар болсон. Түүнийг өнгөрсөн шөнө 04:35 цагт Сөүлийн урьдчилан хорих төвд хүргэснийг өид өмнө нь мэдээлсэн билээ.
| Өмнөд Солонгосын улс төрийн хүрээнийхэн байр сууриа илэрхийлж байна | ||
| Үзсэн: 1190 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.