БНАСАУ-ын эргэн тойронд бий болсон байдал бүхэлдээ БНХАУ-аас хамааралтай гэж НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Никки Хейли үзэж байна. Дипломатч телевизийн "Фокс Ньюс" сувагт өгсөн ярилцлагадаа "Умард Солонгосын эсрэг хориг тогтоохыг Бээжинд уриаллаа. “Бүх зүйл БНХАУ-аас шалтгаална” гэж тэрбээр мэдэгдэж, Вашингтоны шинэ засаг захиргаа Хятадтай Умард Солонгосын асуудалд санаа зовниж байгаа талаар огт ярихгүй гэдгийг онцоллоо.
АНУ-ын байнгын төлөөлөгчийн нотолж байгаагаар БНХАУ-д Умард Солонгосын эсрэг хориг тогтоох бүх боломж бий. Иймээс одоо тэд ямар нэг зүйл хийх ёстой. Умардууд санхүүгийн тал дээр ч, цэргийн тал дээр ч БНХАУ-аас шууд хамааралтай юм байна. Түүний үзэж байгаагаар хэрвээ БНХАУ-ын эрх баригчид үнэхээр л БНАСАУ-д нөлөөлье гэж байгаа бол аль хэдийнэ нөлөөлөх байжээ.
Никки Хейли АНУ энэ сард Аюулгүйн зөвлөлийг даргалах болсонтой холбогдуулан ийнхүү телевизэд ярилцлага өгчээ. Түүний хэлж байгаагаар АНУ Аюулгүйн зөвлөлийг даргалах энэ хугацаанд гол анхаарлыг НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаа, төсөв хөрөнгө мөнгөний асуудал, хүний эрхийн асуудалд хандуулах юм байна.
НҮБ-д суух АНУ-ын байнгын төлөөлөгч болоод гурван сар болж байгаа энэ эмэгтэй “Би НҮБ-д ирээд харсан зүйлдээ үнэхээр шоконд орсон” гэлээ. Түүний хэлж байгаагаар "НҮБ үйл ажиллагааг яг л нөгөө хуучинсаг арга барилаар явуулдаг. Хүн бүр үүнд дасан зохицсон. Иймээс НҮБ-ын үйл ажиллагаа удааширсан, бүх зүйл зогсонги байдалд орсон" гэв. “Харин одоо бүх зүйл өөрчлөгдөж, НҮБ-ын түүхэнд цоо шинэ үе ирнэ” гэж Никки Хейли хэллээ.
| НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч БНАСАУ-ын эсрэг хориг тогтоохыг БНХАУ-д уриаллаа | ||
| Үзсэн: 956 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.