ОХУ-ын Санкт-Петербург хотод гарсан халдлагатай холбоотойгоор сүүлд ирсэн мэдээллээр "Дэлбэрэлтийг амиа золиослогч террорист үйлдсэн. Мөн энэ халдлагыг ганцаараа үйлдсэн" гэж мөрдөгчид үзэж байгаа юм байна. Амиа золиослогч этгээд үүргэвчдээ тэсрэх төхөөрөмжөө хийсэн байсан гэдэг мэдээлэл ч байгаа аж.
Гэхдээ мөрдөн шалгах хорооныхон бүхий л хувилбарыг нягтлан шалгаж байна. Амиа золиослогч үйлдсэн эсэхийг ДНК-ийн шинжилгээний дараа тодорхой хэлэх боломж бүрдэнэ гэж тэд үзэж байна. Хяналтын камерын бичлэг, зураг дээр гарсан хүн Петербургийн цагдаагийн байгууллагын хэлтэс дээр өөрөө очсон байна. Тэрээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зураг, бичлэг гарч байгааг хараад айсандаа аль болох хурдан цагдаагийн газар өөрөө очих ёстой юм байна гэж үзээд ирснээ тайлбарлажээ. Хууль сахиулагчид ч түүнийг террорист халдлагатай холбоогүйг батлаад байна.
Санкт-Петербург хотын метрод болсон энэ хүү халдлага нь ОХУ-ын түүхэнд метрод гарсан анхны халдлага биш юм. 2010 оны гуравдугаар сарын 29-нд Сокольний шугам дахь Лубянка, Соёлын цэцэрлэгт хүрээлэн зэрэг өртөөнүүдэд Кавказ гаралтай 2 эмэгтэй амиа золиослогч дэлбэрэлт үйлдэж байсан. Тэр үед 41 хүн амиа алдаж 88 хүн гэмтэж шархдаж байдаг.
Энэ мэтээр Москва гэлтгүй Санкт-Петербург зэрэг томоохон хотуудад террористууд метрог халдлага үйлдэх бай ашиглахыг зорьж ирсэн. Үүний нэг баталгаа нь өчигдрийн халдлага. Метрогоор олон зуун мянган хүн үйлчлүүлдэгтэй энэ нь холбоотой. Хэдийгээр сүүлийн жилүүдэд метроны аюулгүй байдлыг өндөржүүлэх арга хэмжээ авч байгаа ч метроны шугамууд олон салаалсан, бас зорчигчдын асар их урсгалд хяналт тавихад амаргүй байдагтай холбоотойгоор террорист халдлагыг таслан зогсоож чадахгүй байгааг мэргэжилтнүүд тэмдэглэдэг.
Аюулгүй байдлыг чангатгахын хэрээр бас террористуудын арга заль ч нэмэгдсээр байгаа. Метронд өмнө нь болж байсан халдлагуудын талаар гэхэд Лондоны метронд 2005 оны долдугаар сарын 7-нд 4 дэлбэрэлт болж, 52 хүн амиа алдаж, 700 хүн гэмтэж шархдаж байсан. Хамгийн сүүлд 2016 оны гуравдугаар сарын 22-нд Брюселлийн нисэх онгоцны буудал болон метроны Маальбек станцад дэлбэрэлт болж байсан.
Энэ хар жагсаалтад Минск, Баку, Парис, Каир зэрэг дэлхийн томоохон хотууд бичигддэгийг хэвлэлүүд өчигдрийн халдлагатай холбоотойгоор сануулж байна.





| Халдлагыг амиа золиослогч үйлдсэн эсэхийг тодруулж байна | ||
| Үзсэн: 1078 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.