Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод дөрвөн тэрбум төгрөгийн өртөгөөр усан спортын төв барьжээ. Өнөөдрийн байдлаар барилгын ажил нь 86 хувийн гүйцэтгэлтэй байгаа тус төвийг ирэх намар ашиглалтанд орно гэж төлөвлөжээ. Гэтэл газар доорхи бүтээн байгуулалт буюу дэд бүтцийг нь шийдээгүйгээс ашиглах боломжгүй нөхцөл үүссэн байна.
Барилгыг барихын өмнө халаалт дулааныг хаанаас авах, цэвэр усаар хэрхэн хангах, бохир усыг хэрхэн зайлуулах зэрэг газар доорхи бүтээн байгуулалтын ажлыг эхлээд тодорхой болгодог учиртай.
Гэтэл дэд бүтцийн холболтыг хэрхэн хийх талаар тооцоо ч үгүй байж барилгаа бариад дуусч байгаа нь энэ салбарт асуудал байгааг харуулах ганц баримт гэж Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайд Ж.Батсуурь хэлэв.
2014 оноос баригдаж эхлэсэн усан спортын төв зургаан замтай, 400 хүний суудалтай. Английн спорт клубын загвараар барьсан энэ төвийн усыг гурван жил солихгүй байх боломжтой.
Гэхдээ Сүхбаатар аймагт ийм хэмжээний том усан бассейн байх шаардлагагүй гэж мэргэжилтнүүд үзэж байлаа.
Өөрөөр хэлбэл төсөвт дарамт нэмэх нэг том байгууламж л нэмэгдэнэ гэсэн үг. Зөвхөн халаалт дулааны төлбөрт жилдээ 40 орчим сая төгрөг зарцуулах тооцоо гарчээ.
Гэвч нэгэнт улсын төсвөөс их хэмжээний хөрөнгө гаргаад барьчихсан учир “балгас” болгоод үлдээлгүй, дэд бүтцийг нь шийдэх чиглэлд анхаарч ажиллана гэдгээ салбарын сайд онцоллоо.
| Дэд бүтцийг нь шийдэлгүй усан спортын төв барьжээ | ||
| Үзсэн: 888 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.