ОХУ-ын эрх баригчид даваа гарагт Санкт-Петербург хотын хурдны галт тэргэнд болсон халдлага "Исламын улс" алан хядагч бүлэглэлтэй холбоотой эсэхийг мөрдөн шалгаж байна.
Оросын цагдаа, хууль хяналтынхан тэсрэх бөмбөг дэлбэлж, олон хүний аминд хүрсэн халдлагыг үйлдсэн этгээд Киргизстанд төрсөн, Оросын иргэн, 22 настай Акбаржон Жалилов болохыг тогтоогоод байна. Сэжигтэн этгээд галт тэргэн дотор өөртөө бэхэлсэн тэсрэх бөмбөгийг дэлбэлж амиа золиослосон. Мөн түүнийг галт тэрэгний өртөөний ойролцоох газраас олдсон тэсрэх бөмбөгийг тавьсан байж магадгүй гэж сэжиглэж байна.
"Интерфакс" агентлагийн мэдээлснээр Жалилов нь хүүхэд байхдаа Санкт-Петербург хотод нүүж очсон. Одоогоос 6 жилийн өмнө ОХУ-ын иргэн болсон юм байна. Мөн Жалилов нь өнгөрсөн хоёрдугаар сард Киргизстаны өмнөд нутгийн Ош хотод очоод ирснээсээ хойш зан авир нь өөрчлөгдсөн гэж гэрчүүд мэдүүлжээ.

"Исламын улс" алан хядагч бүлэглэл Киргизстаны өмнөд нутагт нөлөөгөө тогтоосон гэж мэдэгдэж байсан байна. Иймд ОХУ-ын эрх баригчид Жалиловыг Ош хот дахь салан тусгаарлагчидтай холбоо сүлбээтэй байсан гэж сэжиглэж байна. Одоогоор Оросын цагдаа, хууль хяналтынхан Киргизийн аюулгүйн албаныхантай хамтарч Жалиловын гэр бүл, танил тал, найз нөхдөөс нь мэдүүлэг авахаар ажиллаж буй юм байна.
Даваа гарагт Санкт-Петербург хотын галт тэргэнд болсон халдлагын улмаас 14 хүн амь насаа алдаж, 50 гаруй хүн гэмтэж бэртсэн юм. Өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин терроризмын эсрэг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэхээр Киргизстан болон бусад Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнуудын аюулгүйн албаныхантай уулзалт хийхээр товлосон байна.
| Санкт-Петербургийн халдлага "Исламын улс" бүлэглэлтэй холбоотой эсэхийг шалгаж байна | ||
| Үзсэн: 809 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.