БНХАУ-ын дарга Си Зиньпиний Финланд улсад хийх гурван өдрийн төрийн айлчлал өчигдөр эхэллээ. Хятадын даргын айлчлалд Финланд улс маш өндөр ач холбогдол өгч байна. Тухайлбал, өчигдөр Хятадын даргын онгоц Финландын агаарын хилд орж ирмэгц Финландын агаарын хүчнийхэн угтан авч, Финландын төрийн тэргүүн Саули Нийнистё Хятадын дарга, тэргүүн хатагтай нарыг хүндэт харуулын ёслолоор угтан авч байна.

Энэ бол Хятадын даргын энэ онд Европын холбооны гишүүн улсад хийж байгаа анхны айлчлал. Мөн хоёр улс 1950 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Хятадын даргын Финланд улсад хийж байгаа хоёр дахь төрийн айлчлал юм. Түүнчлэн Си Зиньпин даргын энэ айлчлал хоёр орны хооронд улс төрийн итгэлцэл, хамтын ажиллагааг тэлэх зорилготойгоос гадна эдийн засаг, хөрөнгө оруулалтанд чиглэсэн өндөр ач холбогдолтой айлчлал гэдгийг хоёр тал хоёулаа онцолж байгаа юм.
Финланд нь БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон Өрнөдийн анхдагч орнуудын нэг. Хятад улс сүүлийн 14 жилийн хугацаанд тасралтгүй Финландын Ази дахь худалдааны хамгийн гол түнш байж ирсэн. Дөрвөн жилийн өмнө Финландын Ерөнхийлөгч Нийнестё Хятадад айлчилж, энэ үер хоёр улс хамтын шинэ түншлэл байгуулах нэгдсэн зорилтонд хүрч байсан юм. Үүнээс хойш хоёр орны хооронд хамтын ажиллагаа байгаль орчин, соёл, боловсрол, технологийн гээд олон салбарт тэлсэн байна. Сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд хөрөнгө оруулалт эрчимтэй өссөн. Хятадын 13-р таван жилийн төлөвлөгөө болон Финландын 2025 үндэсний хөтөлбөрт хоёр орны хооронд инноваци, бизнес, цэвэр эрчим хүч, био эдийн засаг, Хойд туйлын судалгаа зэрэг шинэ салбарт хамтын ажиллагааг тэлэхэд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэж тусгаж өгсөн байдаг юм байна.
Финландын хувьд Хятадын зах зээлд оролцоотой байх, мөн Шинэ торгоны зам санаачилгад нэгдэх орох асуудалд таатайгаар хандаж байгаа. Энэ ч үүднээс Хятадын дарга Финландад хийж байгаа айлчлалынхаа хүрээнд "Шинэ Торгоны зам" санаачилгадаа Хельсинкийн талаас нааштай байр суурь хүлээж байгаа, худалдаа, хөрөнгө оруулалтын шинэ амлалтуудыг зарлах болов уу гэж ажиглагчид харж байна.
| БНХАУ-ын даргын Финланд улсад хийх айлчлал эхэллээ | ||
| Үзсэн: 921 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.