ОХУ-ын Санкт-Петербург хотын галт тэргэнд болсон халдлагыг террорист халдлага мөн гэж Оросын мөрдөн шалгах хороо хүлээн зөвшөөрч, энэ сэжүүрээр хэргийг шалгаж байна. Одоогийн байдлаар халдлагын улмаас 14 хүн амь насаа алдаж, 60 гаруй хүн гэмтэж бэртсэнээс 13 нь эмнэлгээс гарч, 49 хүн одоо эмнэлэгт эмчлүүлж байна.
Оросын мөрдөн шалгах хороо энэ халдлагыг үйлдсэн этгээд Киргиз гаралтай, ОХУ-ын иргэн, 22 настай Акбаржон Жалилов болохыг тогтоож, түүнийг "Исламын улс" алан хядагч бүлэглэлтэй холбоо сүлбээтэй байсан эсэхийг шалгаж байна.
Одоогоор ОХУ-ын мэргэжилтнүүд ямар төрлийн тэсрэх бодис хэрэглэв гэдгийг тогтоохоор хэргийн газраас олдсон ул мөр болон амиа золиослосон этгээдийн цогцост шинжилгээ хийж буй юм байна. Одоогоор 14 хохирогчийн 10-ыг нь хэн болохыг тогтоож, үлдсэн 4 хүний цогцсыг таниулахаар ажиллаж байна. Хохирогчдын дунд Азербайжан, Казахстан зэрэг гадны гурван орны иргэн, Оросын 17 мужийн 11 иргэн байжээ гэсэн урьдчилсан мэдээллийг өгч байгаа юм.
Киргизстаны Засгийн газар галт тэргэнд болсон террорист халдлагын гэм буруутныг тогтооход ОХУ-д бүх талын дэмжлэг үзүүлэх санал тавьсан тухай Киргизын Гадаад хэргийн яамнаас өчигдөр мэдэгдсэн байна. Энэ террорист халдлагад сэжиглэгдэж байгаа Акбаржон Жалилов бол Киргизстаны иргэн биш. Жалилов нь Киргиз паспорт авч байгаагүй. Тэрээр 2011 онд 16 настайдаа ОХУ-аас паспорт авч, тэр үеэс хойш ОХУ-д амьдарч байсан гэж Киргистаны Гадаад хэргийн яамны мэдэгдэлд онцолсон байна.
Өнөөдөр ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев Санкт-Петербургийн халдлагад амиа алдсан хохирогчдын ар гэрийнхэнд нөхөн олговор олгох тухай зарлигт гарын үсэг зуржээ. Оросын Засгийн газар хохирогчдын ар гэрт нэг удаа 50 сая рубль буюу 900 мянган америк долларын нөхөн төлбөр, оршуулгын зардалд тусад нь 1 сая рубль буюу 18 мянган америк доллар олгохоор болсон байна.
Мөн халдлагын үеэр хүнд шархадсан иргэдэд нэг удаа 400 мянган рубль буюу 7000 америк доллар, хөнгөн шархадсан иргэдэд нэг удаа 200 мянган рубль буюу 3500 америк долларын нөхөн төлбөрийг тус тус олгохоор болсон байна. Өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч террорист халдлага болсонтой холбогдуулж цаашид аюулгүй байдлаа хэрхэн хангах вэ гэсэн асуудлаар Киргизстан болон Хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улс орнуудын аюулгүйн хүчнийхэнтэй уулзалт хийж байна.
Энэ уулзалтаас ямар үр дүн гарах вэ, ОХУ цаашид Төв Азийн орнууд дахь терроризм, салан тусгаарлах үзлийн нөлөө, түүний сөрөг үр дагавар, аюул заналхийллээс хэрхэн аюулгүй байдлаа хангахад ямар чиглэл баримтлах шийд гарах бол гэсэн хүлээлт байна.
| ОХУ-ын Засгийн газар Санкт-Петербургийн халдлагын хохирогчдод нөхөн төлбөр олгоно | ||
| Үзсэн: 565 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.