Хийжүүлсэн ундаа үйлдвэрлэгч "Pepsi" компани телевизийн реалити шоуны од Кендалл Женнерыг тоглуулсан рекламыг мягмар гарагт анх олон нийтэд цацсан. Гэвч энэ реклам цацагдсан даруйдаа олон нийтээс маш хүчтэй шүүмжлэл хүлээж, "Pepsi" 24 цагийн дотор рекламаа олон нийтийн сүлжээ болоод хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс эргүүлэн татсан байгаа. Магадгүй үзэгч та бүхэн энэ рекламыг үзсэн байх.
Энэ рекламд цагаан арьст, олны танил эмэгтэй гудамжинд жагсаж байгаа хүмүүстэй нэгдэж, хамгаалалтад гарч байсан цагдаагийн офицерт "Pepsi" ундааг өгснөөр бүх зүйл эсрэгээрээ эргэж, бүгд аз жаргал, баяр хөөртэй болж байгаа тухай гардаг. Үүнд америкчууд эмзэг хандах болсон шалтгаан нь сүүлийн 2 жилийн турш Америкийн томоохон хотуудад цагаан арьст цагдаа өнгөр арьст иргэний аминд хүрсэн ч ял шийтгэлгүй өнгөрч байгаа хэд хэдэн хэрэг гарсантай холбоотойгоор маш олон удаагийн эсэргүүцлийн жагсаал, хөдөлгөөн өрнөсөнөөс үүдэлтэй.
Мөн Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа түүнийг эсэргүүцэгчид болоод дэмжигчдийн жагсаалууд олон удаа болсон. Өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, эрхийнхээ төлөө тэмцэж байгаа хүмүүсийн цаад зорилго, мөн чанарыг үгүй хийж, хийжүүлсэн ундаа төдийхнөөр тэдний хүсэл зоригийг орлуулж байгаа нь өөрөө маш том доромжлол гэж үзэж байна. Харин "Pepsi" компани үүнд тайлбар хийж, уучлал гуйсан байгаа. Тус компанийн зүгээс дэлхий нийтэд хандаж, эв нэгдэл, энх тайван, харилцан ойлголцлыг уриалах зорилгоор хошин маягийн реклам хийхийг зорьсон гэж тайлбарлажээ.
| "Pepsi" ундааны реклам олон нийтээс шүүмжлэл хүлээлээ | ||
| Үзсэн: 1459 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.