Шууд Chart

Сэлэнгэ аймагт түймэр гарчээ

2017-04-11 12:07:27

Сэлэнгэ аймгийн Мандал сумын зургадугаар багийн Шар жалга хэмээх газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ энэ сарын 8-нд ойн түймэр гарчээ. Түймрийг унтраахаар онцгой байдлын ажилтан, нутгийн иргэд нийлсэн 50 орчим хүн ажилласан байна.

Жил бүрийн хавар, намарт ой, хээрийн түймэр дэгддэг. Учир нь хөрсний хэт хуурайшилт болон иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдсэн гал алдалт түймэр дэгдээдэг.  

Түүнчлэн нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, “Нарс” хүүхдийн зуслангийн хойд талын ойд энэ сарын 9-нд түймэр гарчээ. Түймрийг унтраахаар Онцгой байдлын хэлтсийн 13 албан хаагч, 24 дүгээр хорооны 13 иргэн хоёр техник хэрэгсэлтэйгээр цурамд оруулсан байна. Түймэрт гурван га орчим талбай өртжээ.

Иймд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд дараах арга хэмжээг ямагт анхаарах шаардлагатай аж.

-Хавар, намрын хуурайшилттай үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх.

-Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх.

-Дууссан гал асаагуур /зажигалки/ хээр хөдөө ил задгай хаяхгүй байх.

-Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх.

-Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах.

-Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэрэг нь өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа болохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сэлэнгэ аймагт түймэр гарчээ  
Үзсэн: 583 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй