АНУ-ын зэвсэгт хүчнийхэн Афганистан дахь Исламын босогчдын байрлаж байсан газарт бөмбөг хаяснаа мэдэгдлээ. Бөмбөгийг АНУ-ын агаарын тусгай хүчний онгоцноос Пакистанны хилийн ойролцоох Афганистаны Нангархар мужид хаясан гэж Пентагон мэдээлж байна.
9.8 тонн жинтэй, GBU-43 загварын үлэмж том нүргээнт агаарын энэ тэсрэх бөмбөг нь “бүхий л тэсрэх төхөөрөмжүүдийн эх” гэдгээрээ танигдсан, АНУ-ын хамгийн том хор хөнөөлтэй, цөмийн бус бөмбөг юм байна.
Орон нутгийн цагаар пүрэв гарагийн шөнө 9 метрийн өндрөөс хаясан GBU-43 загварын бөмбөгийг өмнө нь 2003 онд анх удаа туршиж байсан ч, ашиглаж байгаагүй гэж эх сурвалжууд хэлж байна.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сийн Спайсер "Бид "Исламын улс" бүлэглэлийнхний чөлөөтэй зорчдог хонгил хөндийн системийг гол бай болгосон” гэж мэдэгдсэн байна.
Бөмбөг хаясан газрыг хүн ам багатай, уулархаг нутаг гэж BBC-ийн сурвалжлагч мэдээлсэн байна. Харин орон нутгийнхны хэлж байгаагаар дэлбэрэлт хөрш зэргэлдээх хоёр дүүрэгт сонсогдохоор хүчтэй байжээ.
АНУ цохилтын үр дүнг хараахан дүгнээгүй байгаа ч орон нутгийн удирдлагууд BBC-д өгсөн ярилцлагадаа "Исламын олон босогчид энэ цохилтод өртөж нас барсны дотор Исламын босогчдын гол тэргүүлэгчийн ах нь байсан" гэж мэдээлжээ.
Тэгвэл "Алжазеера"-гийн мэдээлж байгаагаар Нагархар мужийн Ачин дүүргийн Момандар гэдэг газар хаясан энэ бөмбөг унасан газраасаа 1.6 км радиуст үйлчлэх хүчин чадалтайгаас гадна дотроо шүхрээр дуужилсэн тусгай өлгий агуулсан байжээ.
Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп "Цагаан ордон"-д хийсэн мэдээллийнхээ үеэр сэтгүүлчдийн асуултад “Бид дэлхий дээрх хамгийн шилдэг цэрэг дайчидтай, тэдэнд бүх эрхийг өгсөн учраас тэд ажлаа хийсэн. Бид цэрэг дайчдаараа бахархаж байна. Энэ бол бас л нэг амжилттай ажиллагаа” гэж хариулсан байна.
| Афганистан дахь Исламын босогчдын байрлаж байсан газарт бөмбөг хаяснаа АНУ мэдэгдлээ | ||
| Үзсэн: 1028 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.