Шууд Chart

Бурхныг гутаан доромжилсон шалтгаанаар амь насаа алджээ

2017-04-15 13:46:49

Пакистанд бурхны шашныг доромжилсон гэдэг шалтгаанаар нэгэн оюутан амь насаа алджээ. Мардан хотод байдаг  Абдул Вали Хан их сургуулийн  оюутныг хамт сурдаг оюутнууд нь Исламын шашныг нь гутаасан гэж буруутган амь насанд нь халдсан байна. 

Эх сурвалжуудын хэлснээр, 2 залуу фэйсбүүк дээр доромжилсон утга бүхий сэтгэгдэл бичсэнээс болж нэг нь амиа алдаж, нөгөө нь бэртэж гэмтсэн байна. Халдлагын дараагаар хэд хэдэн оюутныг  хорьжээ. Нас барсан залуу Машал Хан гэдэг бөгөөд тэрээр сэтгүүлзүйн мэргэжлээр сурдаг байсан гэнэ.

Зарим нь түүнийг буудуулсан гэж байхад нөгөө хэсэг Машал Хан-ыг үхтлээ зодуулсан гэж мэдээлжээ. Ерөнхийдөө бурхныг гутаан доромжилсон үйлдэл нь Пакистанд өдөөн хатгаж, турхирсан эмзэг асуудал байдаг. Хуулиар шашныг нь гутаан доромжилсон  үйлдлийг зарим тохиолдолд цаазаар авч болохоор заасан байдаг аж. Үүнийг ихэнхдээ цөөнхийг хавчиж шахах зорилгоор буруу ашигладаг гэж шүүмжлэгчид үздэг.

Учир нь өмнө нь Пакистанд ийм шалтгаанаар амиа алдаж байсан хэд хэдэн тохиолдол гарч байжээ. Шашин  гутаан доромжилсон гэх үйлдлийнхээ төлөө бурууртгагдан,  1990 оноос хойш Пакистанд хамгийн багадаа 65 хүн бусдын гарт амиа алдсан байна. Өнгөрсөн сард Пакистаны ерөнхий сайд Наваз Шариф, "нийгмийн сүлжээн дахь гутаан доромжилсон агуулгатай сэтгэгдлүүдийн эсрэг шийдвэртэй арга хэмжээ авахыг дэмжинэ" гэдгээ илэрхийлж байжээ. Тэрээр ийм үйлдлийг уучилж болшгүй гэмт хэрэг хэмээн хэлсэн байна.

Харин сүүлд болсон хэргийн нөхцөл байдлын талаар Абдул Вали Хан их сургуулийн нэгэн ажилтан, "Шашнаас ангид либерал үзлийнхээ төлөө Машал Хан бусад оюутнуудаас зэмлэл хүлээсэн юм" гэж ярьжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Бурхныг гутаан доромжилсон шалтгаанаар амь насаа алджээ  
Үзсэн: 745 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй