Туркийн иргэд өчигдөр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлаарх бүх нийтийн санал хураалтад оролцлоо. Тэдний олонх буюу 51,3 хувь нь Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Туркийн сонгуулийн дээд зөвлөлөөс мэдээлснээр энэ бол нийт саналын хуудасны 99,4 хувийг тоолсны дараа гарсан дүн юм. Тиймээс ч үлдсэн хувийг нь тоолж дууссаны дараа ч урьдчилсан дүнд нөлөөлөхгүй. Туркийн Ерөнхийлөгч Эрдоганы хувьд албан ёсоор дүнг нь зарлаагүй байхад л ялалтаа тэмдэглэж эхэлсэн. Гэхдээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, одоогийн төрийн тэргүүн Эрдоганд 2029 он хүртэл улс орныг удирдах боломж олгохыг эсэргүүцэгчид санал асуулгад оролцогчдын 48,6 хувийг эзэлж байна.
Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэгчид санал хураалтын дүнг эсэргүүцэж шүүхэд хандаж магадгүй гэх мэдээлэл байгаа. Туркийн томоохон хотууд болох Стамбул, Анкара, Измир хотын иргэдийн ихэнх нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн санал өгчээ. Мөн хилийн чанадын орнуудад амьдардаг тухайлбал ОХУ, ИХ Британи, АНУ дахь Туркууд ч эсэргүүцсэн санал өгсөн байна. Харин Төв Европын орнууд дахь Туркууд олонхоороо үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжжээ.
Олон улсын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд "Турк хаант засаглалтай болох нь. Эрдоган гэдэг хэмжээгүй эрхэт хаантай болох нь тодорхой боллоо" гэж бичицгээж байна. Үнэхээр үндсэн хуульд оруулахаар төлөвлөж байгаа нэмэлт өөрчлөлтийн дагуу парламентын засаглалтай Турк улс Ерөнхийлөгчийн засаглалтай болно.
Ингэснээр Ерөнхийлөгчид улс орон даяар онц байдал зарлах, засгийн газрын гишүүдийг томилох, хуулийн эрхтэй зарлиг гаргах, дээд шүүхийн шүүгчдийн ихэнхийг нь томилох, парламентыг хүртэл татан буулгах эрхтэй болох юм. Үндсэндээ Ерөнхий сайдын алба байхгүй болж, бүх эрх мэдэл Ерөнхийлөгчийн гарт төвлөрнө гэсэн үг. Мөн эсэргүүцэгчдийн гол эгдүүцээд байгаа асуудал нь Ерөнхийлөгч Эрдоган улс орныг 2029 он хүртэл удирдах боломжтой байгаад оршиж байгаа юм.
Туркийн одоо байгаа хуулиар бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь 7 жил байдаг бөгөөд нэг л удаа сонгогдох эрхтэй байдаг. Харин нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 5 жил болгон бууруулж байгаа ч дахин сонгогдох эрхтэй болгож байгаа. Мөн үндсэн хуульд ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийг 2019 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр зохион байгуулахаар тусгаж өгсөн байгаа юм байна. Нэмэлт өөрчлөлтийн дагуу Ерөнхийлөгч мөн Зэвсэгт хүчний ерөнхий командлагч болно. Одоогоор Туркийн Ерөнхийлөгч нь парламентын нэрийн өмнөөс зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн үүргийг гүйцэтгэдэг.
Бас нэг нэмэлт өөрчлөлт нь Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг өмнөх парламентын сонгуульд сонгогчдын 5 хувийн санал авсан намаас дэвшүүлэхийг зааж өгсөн байгаа. Одоогийн үндсэн хуулиар бол энэ хувь хэмжээ нь 10 байгаа юм. Түүнчлэн нэмэлт өөрчлөлтийн дагуу Ерөнхийлөгч улс төрийн намын дарга байж болохыг зааж өгсөн. Тиймээс Эрдоган улс орноо ч, намаа ч тэргүүлэх боломжтой болох юм. Мөн парламентын сонгуульд нэр дэвшигчдийн насыг 25 байсныг 18 болгон бууруулж байгаа. Харин гишүүдийн тоог 550 аас 600 болгон нэмэгдүүлж байгаагийн дээр парламентын бүрэн эрхийн хугацааг 4 байсныг 5 болгон нэмэхээр төлөвлөжээ.
| Туркийн иргэдийн олонх Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжжээ | ||
| Үзсэн: 556 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.