Их нарт байгалийн нөөц газар Дорноговь аймгийн баруун хойд хэсэгт Айраг, Даланжаргалан сумын заагт 43 мянган га газрыг хамран оршдог. Нартын хад нь говийн аргалийн тогтвортой амьдрах зүүн хойд хилийн байршил тул 1996 онд тусгай хамгаалалтад авсан байна
Энэхүү газарт 700 орчим аргаль, 300 гаруй янгир байнгын идээшилдэг. Мөн ховор ан амьтан, жигүүртэн шувууд элбэг. Түүнчлэн Их нартын хийдийн тууль, Бичигт хад, Цагаан өвгөний сийлбэр дүрс, Түрэгийн үеийн тахилын байгууламж зэрэг түүх соёлын олон дурсгалт газар бий.
2010 оноос ШУА-ийн Археологийн Хүрээлэн, АНУ-ын эрдэмтдийн хамтарсан судалгаагаар тус нутагт түүх, соёлын олдвор бүхий 50 гаруй газрыг бүртгэж, цаашид судлах шаардлагатай олон дурсгалт газрыг тэмдэглэсэн байна.
Энэхүү үзэсгэлэнт газрыг хамгаалах зорилгоор 2013 оноос хойш хамгаалалтын захиргааг байгуулж орон нутаг ИТХ-аараа цалинг нь батлан ажиллуулж байгаа нь улсдаа анхдагч юм. Одоогоор орон тооны бус дөрөв, идэвхитэн байгаль хамгаалагч нэг хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Их нартад ердөө 250 метрийн зайнаас аргаль хонийг харж болдог учраас гадаад, дотоодын аялагч, жуулчдын сэтгэлийг хамгийн ихээр татдаг. Их нартын БНГ-ыг тусгайлан хамгаалснаар экологийн тэнцвэрт байдлыг нь хангах, нөгөө талаас энэхүү байгалийн бүс, бүслүүрийг төлөөлүүлэн байгальд явагдаж буй өөрчлөлт тэдгээрийн зүй тогтолыг иж бүрнээр судлах, ховордсон болон устаж болзошгүй биологийн төрөл зүйлд учрах аюулыг бууруулах, хамгаалах, нөхөн сэргээх, онцгой ач холбогдолтой.
Сүүлийн жилүүдэд говь нутагт хур бороо бага орсны улмаас ган болж, хуучин горхинууд ширгэж үгүй болж байгаа нь ховордсон ан амьтад дайжиж нүүх эрсдэл нүүрлээд байгааг орон нутгийхан хэлж байна.
| Их нартад 700 орчим аргаль, 300 гаруй янгир байнгын идээшилдэг | ||
| Үзсэн: 3649 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.