Шууд Chart

Баруун бүсийн эрчим хүчний салбарын ажил мэргэжлийн уралдаан болж байна

2017-04-26 15:46:20

Баруун бүсийн эрчим хүчний салбарын ажил мэргэжлийн уралдаан өнөөдөр Завхан аймагт эхэллээ.

Энэ жил Монгол Улсад эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 95, Завхан аймагт эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 85 жилийн ой тохиож байна. Тиймээс баруун бүсийн эрчим хүчний салбарын ажил мэргэжлийн уралдааныг Завхан аймагт зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Эрчим хүчний салбар бол хөдөлмөрийн аюулгүй байдал, техникийн аюулгүй ажиллагааны дүрмийг өндөр түвшинд баримталж ажиллахыг шаарддаг эрсдэлтэй салбар учраас энэ салбарын ажилчдын мэдлэг ур чадвар сайн байх ёстой. Тиймээс тэдний ур чадвар, техник тоног төхөөрөмжийн түвшинг тодорхойлох, харилцан туршлага судлах зорилгоор энэхүү тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг юм.

Энэ жилийн тэмцээнд долоон аймгийн 11 баг оролцож байгаа бөгөөд нарийн мэргэжлийн долоо, нийт 10 төрлөөр өрсөлдөж байна.  

Энэ жилийн тухайд ОБЕГ, МХЕГ-тай хамтран зохион байгуулж байгаагаараа өмнөх тэмцээнүүдээс онцлог гэдгийг хэлж байлаа. Мөн ойн хүрээнд Эрчим хүчний хөгжлийн төв, Эрчим хүчний яам хамтран“Энержи Монголиа” ОУ-ын хурал, үзэсгэлэнг ирэх тавдугаар сарын 17, 18-нд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Ийнхүү эрчим хүчний салбарын 95 жилийн ойн хүрээнд олон ажлыг зохион байгуулж байна. Төвийн бүсийн эрчим хүчний салбарын ажилчдын ажил мэргэжлийн уралдааныг амжилттай зохион байгуулаад байгаа бол баруун бүсийн тэмцээн, спортын наадам өнөөдрөөс эхлэн энэ сарын 30 хүртэл үргэлжилнэ. Үүний дараа Зүүн бүсийн тэмцээнийг зохион байгуулж, ирэх зургадугаар сард улсын аварга шалгаруулах уралдаан болох юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Баруун бүсийн эрчим хүчний салбарын ажил мэргэжлийн уралдаан болж байна  
Үзсэн: 1184 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй