Шууд Chart

Дональд Трамп Филиппиний Ерөнхийлөгчтэй утсаар ярьжээ

2017-05-01 15:37:55

Өнгөрсөн амралтын өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Филиппиний Ерөнхийлөгч Дутерте нар утсаар ярьсан байна. Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш ойрын холбоотон улс орнуудынхаа төрийн тэргүүнүүдтэй утсаар ярьж, заримтай нь биечлэн уулзсан. Харин Филиппиний Ерөнхийлөгчтэй одоо л утсаар ярьж байна.

Энэ яриа их найрсаг уур амьсгалтай болж өнгөрсөн гэж "Цагаан ордон"-оос уламжилж байна. Трамп, Дутерте нар Зүүн Өмнөд Азийн асуудал, тэр дундаа Умард Солонгосын талаар санал бодлоо солилцсон байна. Филиппиний Ерөнхийлөгч Солонгосын хойгт үүссэн асуудалд АНУ-ын талыг тайван, ул суурьтай хандахыг уриалжээ. Филиппин, АНУ хоёр бол олон жилийн турш ойр харилцаа холбоотой явж ирсэн. Гэвч өнгөрсөн зургаадугаар сард одоогийн Ерөнхийлөгч Родриго Дутерте сонгогдсоноос хойш харилцаа муудсан.

Учир нь Дутерте улс эх орныг нь аалзны тор мэт сүлжсэн хар тамхитай тэмцэх аян өрнүүлж, хар тамхи наймаалагч болон хэрэглэгч, зуучлагч, нийлүүлэгч бүх талынхныг баривчлах, шаардлагатай бол буудаж амийг нь хөнөөх эрхийг цагдаа хүчнийхэнд олгосон. BBC агентлагийн мэдээлж байгаагаар өнгөрсөн 12 сарын хугацаанд Филиппин улсад хар тамхитай холбоотой хэргээр 7000 хүн амиа алдсан гэж байна.

Дутертегийн энэ ажлыг АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Барак Обама хурцаар шүүмжилснээс үүдээд хоёр улсын харилцаа муудсан. Харин АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Трамп  Дутертегийн хар тамхитай тэмцэж байгаа энэ ажлыг ойлгож, хүлээн авч магадгүй юм. Учир нь Трамп ч мөн хар тамхины эсрэг хүчтэй тэмцэх ёстой гэж нэг бус удаа хэлж байсан. Трамп, Дутерте нарын уулзалт хэзээ болох нь товлогдоогүй ч ирэх 11 дүгээр сард АНУ, АСЕАН-ы хамтарсан дээд хэмжээний уулзалт болохоос өмнө Дутерте "Цагаан ордон"-д зочилж магадгүй гэж ажиглагчид таамаглаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дональд Трамп Филиппиний Ерөнхийлөгчтэй утсаар ярьжээ   
Үзсэн: 687 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй