Шууд Chart

2017 он гарснаас хойш дэлхий даяар 13 сэтгүүлч амь насаа алджээ

2017-05-04 09:18:26

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өчигдөр тохиосон. Үүнтэй холбоотойгоор Хил хязгааргүй сэтгүүлчид олон улсын байгууллагаас 2017 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг гаргасан байна. Энэ судалгаанд дэлхийн 180 орныг хамруулж, тэдгээр улс орнуудад хэвлэл мэдээллийн байгууллагуудын бие даасан байдал, сэтгүүлчдийн аюулгүй, эрх чөлөөтэй байдлыг хүндэтгэх байдал зэргийг үндэслэн хэвлэлийн эрх чөлөөний түвшинг гаргажээ.

180 орноос хэвлэлийн эрх чөлөөг дээдлэх үзүүлэлтээр Норвеги улс тэргүүлсэн бол Умард Солонгос жагсаалтын сүүлд бичигджээ. Сэтгүүлчдийн ажил үүрэг, эрх чөлөөг хүндэтгэдэг орнуудын эхний 10-т Норвеги, Швед, Финлянд, Дани, Нидерланд, Коста Рика, Швейцари, Ямайк, Бельги, Исланд зэрэг орнууд жагсаж байна.

Хэвлэлийн эрх чөлөөг боогдуулж байгаа орнууд буюу жагсаалтын сүүлд Умард Солонгос, Эритрей, Туркменистан, Сири, БНХАУ, Вьетнам, Судан, Куба, Жибути, Экауторын Гвиней, Лаос зэрэг орон байна. Монгол Улсын хувьд жагсаалтын 69-рт буюу дундаж үзүүлэлттэй бичигджээ.

Хойд хөрш ОХУ 148, Турк улс 155-д бичигдсэн байна. Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагын судалгаанд АНУ-д сэтгүүлчдийг баривчлан саатуулах нь нэмэгдсэн бол Турк улсад сэтгүүлчдийг баривчлан хорих нь нэмэгдсэн байна. Улс орнуудын хэвлэл мэдээллийн салбарт хандаж байгаа хандлага, нөхцөл байдалд үндэслээд хэвлэлийн эрх чөлөөнд бодит аюул нүүрлэжээ гэдэг дүгнэлтийг Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагаас гаргасан байна.

2017 он гарснаас хойш дэлхий даяар найман сэтгүүлч тодорхой шалтгааны улмаас, тодорхойгүй шалтгаанаар 5 сэтгүүлч нийт 13 сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алджээ. Сэтгүүлчид амь насаа алдахад голлох хүчин зүйлсэд улс төрийн шалтгаан 63 хувийг эзэлдэг, гэмт хэрэг 50 хувь, дайн байлдаан 25 хувь, авлига хээл хахууль 13 хувийг тус тус эзэлдэг юм байна.

2016 оны хувьд дэлхий даяар нийт 122 сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан харамсалтай мэдээ байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

2017 он гарснаас хойш дэлхий даяар 13 сэтгүүлч амь насаа алджээ   
Үзсэн: 557 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй