ОХУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар Туркийн Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган Оросын Сочи хотод ажлын айлчлал хийж байна. Түүний айлчлалаар Сирийн хямралд ялангуяа терроризмын эсрэг Орос, Турк хоёр ямар зарчмаар хамтрах вэ, хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг цаашид яаж өргөжүүлэх вэ гэсэн үндсэн хоёр чиглэлээр яриа хэлэлцээг явуулна гэж Кремль мэдэгдсэн.
Путин, Эрдоган хоёр Сирид гал зогсоох, мөн гал зогсоох гэрээний хэрэгжилтийг хамтран хянах, Астана, Женевийн хэлэлцээний төлөв байдалд анализ хийх Сирид улс төрийн эрх мэдэл шилжүүлэх үйл явцыг хэрэгжүүлж болох эсэхийг хэлэлцэнэ гэж олон улс таамаглаж байна. Хоёр талын харилцааны хувьд худалдааны салбар дахь одоогийн таагүй байдлыг арилгахад гол анхаарлаа хандуулж магадгүй байна. ОХУ одоогоор Туркийн хөдөө аж ахуйн гаралтай олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг өөрийн зах зээлдээ оруулахыг хориглосон байгаа. Үүний хариуд Турк улс мөн Оросын үр тарианд импортын татвар ногдуулсан.

Худалдааны асуудлаар хоёр орны яамд хооронд хэд хэдэн удаа яриа хэлэлцээ хийсэн боловч амжилт олоогүй. Орос, Туркийн хооронд хэлэлцэх өөр нэг чухал сэдэв бол газрын тос, байгалийн хийн салбарт хамтран ажиллах, мөн Турк улсад цөмийн эрчим хүчний станц барих төслийн асуудал байгаа. Эдгээр төсөл дээр хоёр орны удирдагчдын эсцийн шийдвэр, баталгаа шаардлагатай байна. Мөн Турк улс ОХУ-аас Эс-400 системийг худалдаж авах, түүний төлбөрийн асуудал байна.
Өнгөрсөн оны өвлөөс хойш Турк Оросын стратегийн зэвсгийг худалдан авахаар яриа хэлэлцээ эхлүүлсэн боловч одоогоор дорвитой шийдэлд хүрээгүй байгаа юм. Туркийн Ерөнхийлөгч Сочиг зорихоосоо өмнө Орос улсад хандаж уриалга гаргасан байна. Тэрбээр хоёр орны хооронд хийгддэг худалдаанд тавьсан бүх талын хориг хязгаарыг цуцлахыг Москвад уриалсан. Өөрөөр хэлбэл, Орос, Турк хоёр худалдаа эргэлтээ 100 тэрбум америк долларт хүргэхээр тохирсон. Энэ тохиролцоог биелүүлэхийн тулд хоёр тал худалдааны хориг саадгүй байх ёстой гэж Эрдоган үзэж байна.
Мөн визийн хоригийг цуцлах шаардлагатай байна. Энэ бол хоёр орны харилцааг сайжруулах, аялал жуулчлалыг нэмэгдүүлэхэд түлхэц өгөх асуудал юм гэж Туркийн тал үэзж байна. Ер нь бол Туркийн удирдагч Сирид Оростой хамтарч байгаа цэргийн хамтын ажиллагаа нь бодит үр дүнтэй байна, бид нийтлэг ашиг сонирхлын үүднээс энэ хамтын ажиллагаагаа улам үр дүнтэй болгож, нэмэгдүүлэх нь Сирийн хямралд чухал нөлөөтэй байх юм гэсэн байр суурийг Эрдоган хэлсэн юм.

Өнгөрсөн гуравдугаар сард Туркийн Ерөнхийлөгч Москвад айлчилсан, мөн энэ он гарснаас хойш хоёр удирдагч утсаар 5 удаа ярьсан байна. Эрдоганы энэ удаагийн айлчлал урьдаас төлөвлөгдөөгүй байсан, Сирийн хямралтай холбоотойгоор гарч байгаа зарим өөрчлөлт, улс орнуудын байр сууриас хамаараад Орос, Туркийн эрх баригчид яаралтай зөвлөлдөх шаардлага гарсан байх гэж ажиглагчид харж байна.
Эрдоганы хувьд энэ сарын 16-17-ны хооронд Брюссельд болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзалт хийхийнхээ өмнөхөн Сочид Оросын Ерөнхийлөгчтэй уулзаж байна. Эрдоганы хувьд дөрөвдүгээр сарын 16-нд бүх нийтийн санал асуулга болж, Турк улс Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг ард түмэн нь сонгосны дараах анхны айлчлалаа ОХУ-аас эхлүүлж байгаа нь олон улсын анхаарлыг татаж буй юм. Түүнийг бүх нийтийн санал асуулгын дараах гадаад айлчлалаа хаанаас эхлүүлэх нь вэ гэж олон улс ажиглаж байсан.
| ОХУ, БНТУ-ын төрийн тэргүүнүүд Сирийн хямрал, 2 талын хамтын ажиллагаанд гол анхаарлаа хандуулна | ||
| Үзсэн: 826 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.