Шууд Chart

Мадлен Олбрайт: АНУ-ын Ерөнхийлөгч Умардын удирдагчтай бэлтгэлгүй уулзаж болохгүй

2017-05-04 09:37:57

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тохиромжтой нөхцөл байдал бүрдсэн үед Умард Солонгосын залуу удирдагч Ким Жон Унтай уулзаж болох юм. Хэрвээ нөхцөл бүрдвэл түүнтэй хүндэтгэлтэй уулзах болно гэсэн байр суурь илэрхийлсэн нь зарим талаар шүүмжлэл дагуулж байна. Тухайлбал,  АНУ-ын ТНБД асан Мадлен Олбрайт Трампын мэдэгдлийг цочирдож хүлээж авсан. АНУ-ын Ерөнхийлөгч ямар ч бэлтгэлгүйгээр Умард Солонгос руу явж болохгүй гэдгийг анхааруулж, Трампын байр сууринд шүүмжлэлтэй хандаж байна.

Өөрөөр хэлбэл, Трампын хүндэтгэлтэй уулзана гэсэн үг бол ард түмнээ ядуу тарчиг байдалд амьдруулж, хянаж, дарангуйлдаг удирдагчтай уулзахад тохиромжгүй арга байх болов уу. Трамп дарангуйлагчтай харилцах харилцааг хувь хүнтэй харилцахтай адилтгаж ойлгож болохгүй юм гэж АНУ-ын ТНБД асан Олбрайт Умардыг хүний эрхийг дээдлэдэггүй гэдэг өнцгөөс хандаж, Трампын байр суурийг шүүмжилжээ.

Мадлен Олбрайтын хувьд Билл Клинтон Ерөнхийлөгчийн засаглалын үед буюу 1997-2001 оны хооронд АНУ-ын ТНБД-аар ажиллаж байсан. Тэрбээр ТНБД-ын хувиар 2000 онд Умард Солонгост айлчилж байсан юм байна. Ерөнхийлөгч Трамп яг ямар нөхцөл бүрдсэн үед уулзах тухайгаа тодорхой хэлээгүй боловч Цагаан Ордон Умард Солонгос цөмийн зэвсгийн хөтөлбөрөөсөө татгалзсан нөхцөлд уулзалт хийх боломжтой. Одоо бол тэр нөхцөл бүрдээгүй байна гэсэн тайлбар өгөөд байгаа юм.

АНУ болон Умард Солонгосын харилцааны түүхэнд ямар айлчлал, уулзалт болж байсан талаар товч авч үзвэл, 1950 онд Солонгосын хойгт дайн дэгдэж, 1953 онд Солонгосын хойгт өмнөд, хойд хоёр Солонгос бий болсноос хойш Америк, Умард хоёр өнөөг хүртэл дипломат харилцаагүй, Пхеньян дахь Шведийн Элчин сайдын яам АНУ-ын эрх ашгийг хамгаалж, хавсран суудаг. Сүүлийн жилүүдэд Умардын эрх баригчид тэр дундаа залуу удирдагч Ким Жон Ун АНУ болон бусад улс орнуудаас авсан хоол хүнс, эрчим хүчний тусламжийг цөмийн зэвсэг хөгжүүлэхэд урвуулан ашиглах болсноор хоёр орны харилцаа улам муудаад байна.

1968 онд Умард Солонгос АНУ-ын тагнуулын хөлөг онгоцыг барьцаалж байсан, тухайн үед барьцааны хүмүүсийг сулласан боловч тус хөлгийг авч үлдсэн байдаг. АНУ-аас НҮБ-д сууж байсан төлөөлөгч Билл Ричардсан 2007 онд Умард Солонгост айлчлах үедээ тус онгоцон дээр очиж байсан. 1994 онд АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картер Умардын цөмийн хөтөлбөрийн асуудлаар хэлэлцээ хийх боломжийг судлахаар Пхеньянд айлчилж байсан.

Түүний айлчлалын дараахан Умардын удирдагч Ким Ир Сен таалал төгссөн. Гэхдээ тухайн үед Жимми Картерын айлчлал үр дүнгээ өгч гэрээнд хүрч байсан юм. Үүний үр дүнд тухайн үед Олон улсын цөмийн шинжээчид тус улсад очиж байсан. Ингээд 2000 онд тухайн үеийн ТНБД Мадлен Олбрайт Умард Солонгост айлчилсан юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мадлен Олбрайт: АНУ-ын Ерөнхийлөгч Умардын удирдагчтай бэлтгэлгүй уулзаж болохгүй   
Үзсэн: 732 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй