Шууд Chart

Сирид гал зогсооход ОХУ, АНУ шахалт үзүүлэхээр тохиров

2017-05-04 09:44:54

Солонгосын хойгийн нөхцөл байдал хурцдаж, Сирид химийн зэвсэг хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдалтай холбогдуулж АНУ Сирид пуужингийн цохилт өгснөөс хойш анх удаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар утсаар ярилаа. Хоёр удирдагчийн утсаар хийсэн яриа хэлэлцээ Сири дэх нөхцөл байдлын хүрээнд олон улсын терроризмын эсрэг тэмцэлд Орос, Америкийн хамтын хүчин чармайлт цаашид ямар байх вэ гэдэгт төвлөрсөн гэдгийг Кремлийн хэвлэлийн албанаас мэдэгдсэн байна.

Үндсэндээ Сирид гал зогсоох үйл явцыг өргөжүүлэх боломжуудыг эрэлхийлэхийн тулд хоёр орны Гадаад хэргийн сайд нарын яриа хэлэлцээг ахиулахаар тохирчээ. Энэ нь Сирид яг бодит үр дүнг харуулахын тулд нөхцөл тавих зорилготой юм байна. Иймд Орос, Америкийн Гадаад хэргийн сайд нар энэ зарчмаар хүрсэн тохиролцоо, нөхцөл хэр биелэлттэй байгааг эрх баригчдадаа мэдээлдэг байхаар санал нэгджээ. Мөн хоёр удирдагчийн утсаар хийсэн яриа хэлэлцээ үр дүнтэй болсон, Сирийн хямралд шийдэл гаргахаар нэгдмэл байр сууринд хүрсэн гэж АНУ-ын ТНБД Рекс Тиллерсон мэдэгдсэн байна.

Үүний зэрэгцээ Путин, Трамп нар ирэх долоодугаар сарын 7-8-ны хооронд Германы Хамбургт болох "Их 20"-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд тусгайлан уулзалт хийх боломжийг ярилцсан байна. Путин, Трамп нарын хувьд өнөөг хүртэл нүүр тулсан уулзалт хийгээгүй. Гэхдээ хэд хэдэн удаа утсаар ярьсан.

Мөн Путин, Трамп нар Солонгосын хойгийн нөхцөл байдлын талаар санал солилцлоо. Путины хувьд Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаахын тулд тэвчээртэй байж, хүчин чармайлт гаргах нь зүйтэй гэсэн байр суурь хэллээ. Ингээд хоёр удирдагч Солонгосын хойгийн байдлыг намжаахын тулд дипломат шийдэл эрэлхийлэх зорилгоор хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохирчээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сирид гал зогсооход ОХУ, АНУ шахалт үзүүлэхээр тохиров   
Үзсэн: 623 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй