Шууд Chart

Владимир Путин: ХБНГУ ОХУ-ын гол түнш хэвээр байгаа

2017-05-04 09:53:05

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын төрийн тэргүүнтэй утсаар ярихаасаа өмнөхөн Германы канцлер Ангела Меркелийг Сочи хотноо хүлээн авч уулзсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд ОХУ-д айлчлаагүй байсан Ангела Меркелийн энэ удаагийн айлчлал хоёр орны хамтын ажиллагаанаас гадна дэлхийн эдийн засаг, Европ тивийн энх тайван тогтвортой байдалд гол анхаарлаа хандуулсан айлчлал болсон байна. ОХУ-ын эсрэг тогтоосон Европын холбооны хориг арга хэмжээг цуцлах асуудлыг Меркелийн айлчлалын хүрээнд хэлэлцэнэ гэсэн таамаг байсан ч тэд энэ удаад уг асуудлыг хөндөөгүй гэж Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.

Герман улс Минскийн гэрээний хэрэгжилтийг хангахад хориг арга хэмжээ нөлөөлнө гэсэн уламжлалт байр сууриндаа байна. ОХУ Украины зөрчлийн нэг хэсэг биш учраас ийм байр суурийг хүлээж авахгүй гэсэн зарчмаар хандаж байна. Хэдийгээр улс төрийн асуудлаар хоёр орны хооронд маргаантай асуудал байдаг ч Герман улс Оросын эдийн засгийн гол түншүүдийн нэг хэвээр байгааг Путин онцолжээ.

Москва Берлиний харилцаа нь Европын энх тайван тогтвортой байдлыг хангахад чухал нөлөөтэй байгаад зогсохгүй дэлхийн эдийн засгийн тогтвортой байдалд ч ихээхэн хувь нэмэр оруулна. Иймд дэлхийн хоёрдугаар дайнаас хойших урт удаан он жилүүдэд хоёр орны харилцааг сэргээсэн тэр хүчин чармайлтдаа тулгуурлан, хоёр орны харилцааг цаашид улам хөгжүүлэх нь чухлыг ОХУ–ын Ерөнхийлөгч онцолжээ.

Олон улсын зарим нэг асуудлаас үүдээд Орос, Германы харилцаанд сэв суусан зүйл бий. Гэхдээ удахгүй Германд болох "Их 20"-ийн бүлгийн уулзалтын хүрээнд талууд хоёр орны харилцааг сайжруулах алхмуудыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Герман нь ОХУ-ын байгалийн хийн хамгийн гол худалдан авагч, ОХУ нь Германы зах зээлийн хэрэгцээний 35 хувийг хангаж байна.

Харин Герман нь ОХУ-ыг эдийн засагт гол хөрөнгө оруулагчдын нэг, одоогоор хөрөнгө оруулалт нь 16 тэрбум америк долларт хүрчээ. Герман нь Оростой хийдэг худалдааны хэмжээгээр Хятадын дараа хоёрдугаарт ордог, хоёр орны худалдаа эргэлт энэ оны эхний улиралд л гэхэд 43 хувиар  нэмэгдсэн нь сайн үзүүлэлт гэж талууд үнэлж байна.

Гадаад бодлогын тал дээр ОХУ-ын Ерөнхийлөгч АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Москваг оролцсон гэх үндэслэл ор үндэсгүй гэдгийг Меркельд нотолж, байр сууриа хэллээ. Мөн тэрбээр Киев болон Донбассын хооронд шууд яриа хэлэлцээ хийх нь Минскийн гэрээ хэрэгжихэд үр дүнтэй, хоёр тал хэлэлцээний ширээнд суухгүйгээр Украинд гал зогсоох Минскийн хэлэлцээр ч хэрэгжихгүй, дахиад шинэ төлөвлөгөө гаргах боломж ч гарахгүй гэдгийг онцолсон байна. Түүнчлэн хоёр тал Олон улсын терроризмын эсрэг тэмцэлд илүү нягт хамтын ажиллагаатай байхаар тохирчээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Владимир Путин: ХБНГУ ОХУ-ын гол түнш хэвээр байгаа   
Үзсэн: 679 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй