Шууд Chart

БНХАУ "ТХААД" системийг байрлуулахын эсрэг байр сууриа дахин илэрхийлэв

2017-05-04 10:00:23

БНХАУ Өмнөд Солонгосын нутагт байрлуулаад байгаа "ТХААД" системийг эсэргүүцсэн байр суурийг дахин илэрхийллээ. Хятадын гадаад хэргийн яамны мэдэгдлээр Бээжин "ТХААД" системийг байрлуулах үйл ажиллагааг нэн даруй зогсоохыг шаардсан байна. Мөн Бээжин ашиг сонирхлоо хамгаалахын тулд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэдгээ ч дахин илэрхийллээ.

Бээжин дахин мэдэгдэл хийхээс өмнө АНУ-ын Засгийн газрын албаны хүн Өмнөд Солонгосын нутагт байрлуулсан пуужингаас эсэргүүцэн хамгаалах "ТХААД" систем одоогоор бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахад бэлэн болсон тухай мэдэгдсэн юм.

Өмнөд Солонгост байрлаж байгаа АНУ-ын цэргийнхэн "ТХААД"-ын гол хэсэг болох баллистик пуужин болон бусад тоног төхөөрөмжийг замаас нь илрүүлдэг Икс–Бэнд Радарыг өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт байрлуулсан. Ингээд "ТХААД"-ын гол бүрэлдэхүүн хэсгийг байрлуулж дууссанаар "ТХААД" үндсэндээ бүрэн хүчин чадлаараа ажиллахад бэлэн болсон гэж АНУ-ын армийнхан өнгөрсөн даваа гарагт мэдэгдсэн юм.

Харин Солонгосын хойгтой хиллэдэг БНХАУ Өмнөд Солонгос төдийгүй АНУ энэ системийг цэрэг армийнх нь хөдөлгөөнийг хянахад ашиглах нь гэж болгоомжилж байгаа юм. Мөн Бээжин "ТХААД" системийг Солонгосын хойгт байрлуулснаар бүс нутаг дахь стратегийн тэнцвэрт байдлыг алдагдуулах нь гэж болгоомжилж байна.

Хятадын дарга Си Зиньпин өнгөрсөн сард Флоридад хийсэн дээд хэмжээний уулзалтын үеэр "ТХААД" системийг байрлуулахаа зогсоо гэсэн шаардлагыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампд тавьсан юм. Одоогоор АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний Карл Винсон тэргүүтэй цохилтын бүлэг болон Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийн хөлөг онгоцууд Солонгосын хойгийн ойролцоо, Япон тэнгист хамтарсан сургуулилт хийж байна.

Мөн Гуам арал дахь АНУ-ын цэргийн баазаас Би-1 бөмбөгдөгч 2 онгоц даваа гарагт Япон тэнгис болон Өмнөд Солонгосын нутгаар дамнан, Солонгосын хойгийн дээгүүр нислэг үйлдсэн тухай АНУ-ын Номхон далайн агаарын цэргийн хүчнээс мэдэгдээд байна. АНУ-ын энэ үйлдэл Умард Солонгост үзүүлж байгаа цэрэг зэвсгийн шахалтаа үргэлжлүүлнэ гэсэн дохио байж магадгүй юм гэж шинжээчид таамаглаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ "ТХААД" системийг байрлуулахын эсрэг байр сууриа дахин илэрхийлэв   
Үзсэн: 1102 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.181.xxx] 2017-05-04 14:44
Үнэндээ ТХААД-ыг хойт солонгосоос хамгаалах нэрийн дор тавьж байгаа ч хятадад тавих хяналтыг чангатгах олон даврах зорилготой.

Бидэнтэй нэгдээрэй