АНУ-ын Төлөөлөгчдийн танхим өмнөх Ерөнхийлөгч Барак Обамагийн хэрэгжүүлж байсан Эрүүл мэндийн шинэчлэлтийн хөтөлбөрийг орлох хуулийн төслийг маш бага саналын зөрүүтэйгээр дэмжсэн байна. Төлөөлөгчдийн танхим Обамакэйр хөтөлбөрийг орлох хуулийн төслийг 217:213 гэсэн саналаар дэмжжээ.
Энэ бол Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн байр суурь бараг хоёр хуваагдсаныг харуулж байна. Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намын бүх гишүүд, бүгд найрамдах намын цөөн гишүүд Обамагийн хөтөлбөрийг халж, Трампын эрүүл мэндийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн эсрэг санал өгчээ. Сонгуулийн кампанитынхаа үеэр Дональд Трамп Обамакэйр хөтөлбөрийн дагуу Эрүүл мэндийн даатгалын хураамж өснө, иймд уг хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэх эсэхийг судална гэж амлаж байсан.
Барак Обамагийн засаглалын үеэс хэрэгжүүлж эхэлсэн Эрүүл мэндийн шинэчилсэн хөтөлбөрөөр АНУ-ын бүх иргэнийг эрүүл мэндийн даатгалтай болгох зорилготой байсан. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй 40 орчим сая хүн АНУ-д байдаг. Тэднийг эрүүл мэндийн даатгалд хамруулахад Обамакэйр хөтөлбөр хэрэгжиж байсан юм.
Обамакэйр хөтөлбөрийг орлох шинэ хөтөлбөрийн төсөл өнгөрсөн гуравдугаар сард Бүгд найрамдах намын хатуу шиг шугам баримтладаг консерватив үзэлтэй гишүүдийн эсэргүүцлээс болоод дэмжигдээгүй, унаж байсан. Харин энэ удаад Ерөнхийлөгч Трамп болон Бүгд найрамдах намын удирдлага уг хуулийн төслийг дахин боловсруулаад өргөн барьсан учир Бүгд найрамдах намын тэдгээр гишүүд дэмжсэн санал өгчээ.
Одоо энэ хуулийн төслийг АНУ-ын сенатын танхим хэлэлцэж батлах ёстой. Трамп болон Бүгд найрамдахчууд энэ төлөвлөгөөгөө “их төлөвлөгөө” гэж тодорхойлж, Сенатын танхимаар батлагдана гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ Сенатын танхим дахь бүгд найрамдах намын зарим гишүүн энэ төслийн эсрэг байр суурьтай байгаа учир Сенатын танхимаар батлуулахад нэлээн эсэргүүцэлтэй тулгарч магадгүй гэж ажиглагчид таамаглаж байна.
| АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Эрүүл мэндийн даатгалын шинэ хөтөлбөрийг дэмжлээ | ||
| Үзсэн: 795 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.