Их Британийн хатан хаан хоёрдугаар Элизабетийн нөхөр, Эдинбургийн Гүн Филипп ирэх намраас олон нийтийн үйл ажиллагаанд оролцохгүй. Тэрбээр ирэх сард 96 нас хүрэх юм. Букингэмийн ордон өнгөрсөн лхагва гарагт Хааны гэр бүл болон хааны ордны албатуудыг шуурхай хуралдаанд дуудсан тухайгаа албан ёсны мэдэгдлээр уламжилсан.
Букингэмийн ордны албан ёсны мэдэгдэлд дурдсанаар Эдинбургийн гүн Филипп ирэх наймдугаар сар хүртэл олон нийтийн үйл ажиллагаанд төлөвлөгөөний дагуу оролцох юм байна. Ингээд Гүн Филипп ирэх есдүгээр сараас хойш аливаа олон нийтийн үйл ажиллагаанд оролцох урилга хүлээж авахгүй байх аж. Хунтайж Филипп өөрийн удирдаж, ивээн тэтгэж ажиллаж байсан 780 гаруй байгууллагад цаашид идэвхтэй үүрэг гүйцэтгэхгүй.

Тэрбээр ийм шийдвэр гаргахдаа хатан хааны дэмжлэгийг бүрэн авсан гэж Букингэмийн ордноос мэдэгджээ. Хунтайж Филипп нь хатан хааны засаглалын 70 гаруй жилийн туршид өөрийн эхнэр, хатан хааныг бүх талаар дэмжин туслаж ажиллаж ирсэн. Тэд 1947 онд гэрлэсэн юм.

Хунтайж Филипп 2011 онд 90 нас хүрээд үүнээс хойш Хааны гэр бүлийн үүрэгт ажлаас бага багаар хөндийрч эхэлжээ. Энэ нь түүний нас өндөр болсонтой холбоотойгоос гадна эрүүл мэндийн шалтгаантай холбоотой аж. Тэрбээр 2013 онд хэвлийн хөндийн мэс ажилбар хийлгэж байсан байна.
Эдинбургийн гүн өнгөрсөн онд зул сарын баярт мөн оролцоогүй юм. Одоо хатан хаан хоёрдугаар Элизабет Хааны гэр бүлийн бусад гишүүдийнхээ оролцоо, дэмжлэгтэйгээр Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын төрийн албан ёсны үйл ажиллагааны бүхий л хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэж Букингэмийн ордноос мэдэгджээ.

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй нэг ёсондоо тэтгэвэрт гарч байгаа Эдинбургийн гүнд талархал илэрхийлж, түүний буяны болон сайн үйлсийн олон зуун үйл ажиллагааг ивээн тэтгэсэн оролцоо, хувь нэмэр болон түүний хатан хааныг тууштай дэмжиж ирсэн дэмжлэгийг сайшаасан байна.
Эдинбургийн гүн, хунтайж Филиппийн энэхүү хувь нэмэр цаашид олон жилийн турш Британийн бүх ард түмэнд үр өгөөжөө өгөх болно гэж Британийн Засгийн газар үнэлж байна.
| Эдинбургийн Гүн ирэх намраас албан ёсны үйл ажиллагаанд оролцохгүй | ||
| Үзсэн: 1110 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.