Шууд Chart

БНХАУ төрийн компаниудын оролцоо чухал гэдгийг мэдэгдэв

2017-05-09 15:50:05

БНХАУ-ын дарга Си Зиньпиний хэрэгжүүлж байгаа "Нэг бүслүүр-Нэг бүс" санаачилгад төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үүрэг оролцоог чухалчилж авч үзэж байна. Бээжин 2013 оноос хойш Ази, Европыг холбосон эдийн засгийн маш том бүс байгуулах зорилготой "Шинэ торгоны зам" ч гэж нэрлэж байгаа энэ санаачилгаа хэрэгжүүлэхээр олон талын хүчин чармайлт гаргаж байгаа юм.

Энэ ням гарагт БНХАУ "Нэг бүслүүр-Нэг зам" санаачилгыг хэрэгжүүлэх асуудлаар олон улсын бага хурал зохион байгуулах гэж байна. Энэ хуралд дэлхийн олон орны эрх баригчдыг урьсан. Манай улсаас Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уригдан оролцох гэж байна. Хятадын засгийн газрын мэдээлснээр "Шинэ торгоны зам" санаачилгын хүрээнд гурван жил гаруйн хугацаанд 1676 төсөлд төрийн өмчийн 47 компани, аж ахуйн нэгж оролцож буй юм байна.

Эдгээр компани, ах ахуйн нэгжүүд гадаад улс орнуудад туршлагаа улам бэхжүүлж, богино хугацаанд ашиг олохын тулд урт хугацааны оролцоотой байх зарчмыг хүлээн зөвшөөрч ажиллаж байгаа гэдгийг Бээжингийн эрх баригчид онцолж байна. Хятадын тал гадаад улс орнуудын төрийн болон төрийн бус байгууллага, Аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааг дэмжиж ажиллаж байна. Цаашид ч дэмжинэ гэдгээ олон улсын хурлынхаа өмнө дэлхий нийтэд сурталчлан мэдээлж байна.

Мөн Хятад улс гадны компаниудыг "Нэг бүслүүр-Нэг зам" санаачилгын хүрээн дэх төслүүдэд оролцохыг таатайгаар хүлээж авна гэдгээ мэдэгдэж байна. Учир нь олон улсын шинжээчид Хятадын гадны түншүүд нь "Нэг бүслүүр-Нэг зам" санаачилга зөвхөн Хятадын компаниуд, аж ахуйн нэгжүүдийг л дэмжих юм биш үү гэдэгт эргэлзэж, болгоомжилж, энэ санаачилгын төслүүдэд нэг их итгэлтэй оролцох сонирхолгүй байна уу гэсэн таамгийг гаргаж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ төрийн компаниудын оролцоо чухал гэдгийг мэдэгдэв   
Үзсэн: 702 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй