ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ сарын 9-11-ний хооронд АНУ-д ажлын айлчлал хийнэ. Сергей Лавров маргааш АНУ-ын ТНБД Рекс Тиллерсонтой Вашингтонд уулзалт хийх юм байна.
Энэ уулзалтын хүрээнд талууд хоёр талын харилцаанд тулгараад байгаа сорилт бэрхшээлийг хэлэлцэхээс гадна олон улсын хүрээний өргөн сэдвийг хөндөнө гэж Оросын Гадаад хэргийн яамнаас мэдээлснийг "ТАСС" агентлаг иш татсан байна. Мөн АНУ-ын Альяск мужид Арктикийн зөвлөлийн сайдын түвшний уулзалтад Лавров оролцох юм.
Харин өчигдөр АНУ-ын төрийн департаментаас Тиллерсон Лавров нар Украин, Сирийн асуудал болон АНУ-ОХУ-ын харилцааны сэдвийг голлон хөндөж ярилцана гэдгийг мэдэгдсэн юм. Энэ сарын 1-ний өдөр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын ТНБД Рекс Тиллерсон нар утсаар ярих үедээ Арктикийн зөвлөлийн уулзалтын хүрээнд яриа хэлэлцээ хийхээр тохирсон юм байна.
АНУ-ын өнгөрсөн оны Ерөнхийлөгчийн сонгуульд Москва хөндлөнгөөс оролцсон гэх мэт олон асуудлаас үүдээд ОХУ болон АНУ-ын харилцаа хүйтэн уур амьсгалтай байна. Гэхдээ саяхан АНУ-ын ТНБД ОХУ-д айлчлах үеэр Сирийн хямралыг зохицуулахад аль болох боломжит талаас нь хамтрая гэдэгт санал нэгдсэн.
Мөн Орос, АНУ-ын төрийн тэргүүн саяхан утсаар ярилцаж, хоёр орны харилцаанд болон олон улсын харилцаанд тулгарсан гол чухал асуудлуудаар санал солилцсон. Лавровын энэ удаагийн ажлын айлчлал ч мөн хоёр орны харилцаанд нааштай уур амьсгал оруулахад түлхэц болох болов уу гэж ажиглагчид харж байна.

| Сергей Лавров, Рекс Тиллерсон хоёр Вашингтонд уулзана | ||
| Үзсэн: 807 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.