Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх гол үйл явдлуудыг цаг хугацааны дарааллаар нь танилцуулъя. Өмнөдийн эрх баригчид ямар учраас ээлжит бус сонгууль зарлах болов, үүнд ямар хүчин зүйл нөлөөлөв, сонгуулийн өмнө улс төрийн орчинд юу юу болов гэдгийг цаг хугацааны нь дарааллаар жагсааж, олон нийтэд хүргэж байна.
Өнгөрсөн гуравдугаар сарын 10-ны өдөр Өмнөд Солонгосын үндсэн хуулийн шүүх Ерөнхийлөгч Пак Гын Хэд хариуцлага тооцох тухай парламентын шийдвэрийг хэвээр үлдээх шийдэлд хүрснээр Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгч хугацаанаасаа өмнө огцроход хүргэсэн.
Гуравдугаар сарын 15-ны өдөр тус улсын Засгийн газар Пак Гын Хэг залгамжлах Ерөнхийлөгчийг тавдугаар сарын 9-ний өдөр ээлжит бус сонгууль явуулж сонгохоор зарласан. Мөн өдөр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, Ерөнхий сайд Хванг Гё-Ан Ерөнхийлөгчид өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдсэн нь эрх баригч консерватив намын хувьд том цохилт болсон. Гуравдугаар сарын 21-ний өдөр Пак Гын Хэг анх удаа прокурорын газар дуудаж, 21 цагийн турш мэдүүлэг, байцаалт авсан нь өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан төрийн тэргүүнүүдээс хамгийн урт хугацаанд байцаалт авсан үйл явдал болсон.
Өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд Сөүлийн прокурорын газар Пак Гын Хэг баривчлах зөвшөөрөл олгох албан ёсны хүсэлтээ дүүргийн шүүхэд гаргасан юм. Ингээд гуравдугаар сарын 31-ний өдөр Сөүлийн шүүх Пак Гын Хэг авлига хээл хахуулийн хэргээр баривчлах зөвшөөрөл олгосон. Ингээд түүний Сөүлийн түр хорих байранд баривчлан хорьсон. Дөрөвдүгээр сарын 3-ны өдөр хүний эрхийн хуульч асан, Өмнөд Солонгосын либерал Ерөнхийлөгч агсан Но Мун Хёны Тамгын газрын дарга асан Мун Жэ Ин ардчилсан намын сунгаанд ялалт байгуулж, Ерөнхийлөгчид нэр дэвшихээр болсон.
Дөрөвдүгээр сарын 4-нд мөн зүүн төвийн үзэлтэй Ардын намыг үндэслэгчдийн нэг, програм хангамжийн салбарын магнат Ан Чоль Су намаасаа Ерөнхийлөгчид нэр дэвшихээр болсон. Үүний дараа сонгуульд нэр дэвшигчид телевизийн халз мэтгэлцээнд оролцож, сонгуулийн компанитаа явуулж, олон нийтийн санал асуулгаар либерал үзэлтэй улс төрийн хүчнүүд саналын тоогоор тэргүүлж эхэлсэн.
Дөрөвдүгээр сарын 25-30-ны хооронд Өмнөд Солонгос улс хилийн чинад дахь иргэдийнхээ саналыг 116 улс оронд 204 санал авах байранд авсан. Хилийн чинад дахь сонгогчдын ирц урьд өмнө байгаагүйгээр өндөр хувьтай буюу нийт хилийн чинадад санал өгөх эрхтэй иргэдийн 75.3 хувь буюу 221 мянган хүн санал өгсөн юм.
Тавдугаар сарын 3-нд хамгийн сүүлд явуулсан санал асуулгаар либерал намын Мун Жэ Ин бусад өрсөлдөгчдөөсөө давуу саналаар дахин тэргүүлж, сонгогдох магадлал нь улам нэмэгдсэн үзүүлэлт гарсан. Тэрээр санал асуулгад оролцогчдын нийт саналын 42.4 хувийг авсан бол Хонг Жун Пё, Ан Чоль Су нар 18.6 хувийн санал авсан байна.
Ингээд энэ сарын 4-5-ны өдрүүдэд улс орон даяар сонгуулийн урьдчилсан санал хураалт болсон. Урьдчилсан сонгуульд 11.7 сая хүн санал өгсөн. Ингээд өнөөдөр 19 дэх удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болж байна. Сонгуультай холбоотой сүүлийн мэдээллээс хүргэхэд, Умард Солонгос улс консерватив улс төрчдөд саналаа өгөхгүй байхыг, тэдэнд итгэл үзүүлэхгүй байхыг Өмнөд Солонгосын сонгогчдод уриалсан байна.
| БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх үйл явц | ||
| Үзсэн: 866 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.