Шууд Chart

Дархан-Уул аймагт Хүүхэд хөгжлийн ордон нээлтээ хийлээ

2017-05-12 12:02:50

Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай хуульд “Хүүхэд оюун ухаан, авьяас билэг, бие бялдар, ур чадвараа хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг авах” заалт, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт “Нийгмийн салбарын бодлого, менежмент, чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх үүднээс 2015 онд Хүүхэд хөгжлийн ордны зураг төсвийг гаргасан байдаг. Энэ дагуу орон нутгийн хөгжлийн сан болон “Дэлхийн зөн” Олон улсын байгууллагаас 803,3 сая төгрөгийн хөрөнгө оруулалттайгаар баригдсан Хүүхэд хөгжлийн ордон өнөөдөр Дархан-Уул аймагт үүдээ нээлээ. Нээлтэд Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат тэргүүтэй удирдлагууд, "Дэлхийн зөн"  байгууллагын төлөөлөгчид болон бусад албаны хүмүүс, иргэдийн төлөөлөл оролцсон юм.

Ордны урлагийн заал, номын санг "Дэлхийн зөн" Олон улсын байгууллага 30-40 сая төгрөгөөр тохижуулж орон нутгийн сангийн хөрөнгө оруулалтаар буюу 26 сая төгрөгөөр бусад тохижилтыг хийж энэ өдөр хүүхэд багачууддаа хүлээлгэн өгч байна. Дархан-Уул аймгийн хүүхэд багачуудын хөгжил, оролцоог дэмжих, авьяас чадварыг нээн хөгжүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон, идэвхтэй өнгөрүүлэх орчныг бүрдүүлэн өгч байгаагаараа ач холбогдолтой. Хүүхэд хөгжлийн ордны бүтээн байгуулалтын ажлыг “Минж Проперти” ХХК гүйцэтгэжээ.

Тус ордны нийт талбайн хэмжээ нь 945 м2 бөгөөд соёл урлаг, танин мэдэхүй, зохино бүтээх, сонгодог болон ардын урлаг, загвар дизайн, илтгэх урлаг, мэтгэлцээн, амьдрах ухаан, техник сэтгэлгээ зэрэг хүүхэд багачуудын хүсэл сонирхолд нийцсэн хөгжлийн сургалт, дугуйлан секц, клубууд ажиллаж байна.

Та бидний ирээдүй хойч үе болсон хүүхэд багачуудыг хөгжүүлж ирээдүйдээ өөртөө итгэлтэй иргэн болж төлөвшихөд нь тус аймгийн удирдлагууд ихээхэн анхаарч энэхүү Хүүхэд хөгжлийн ордныг сүндэрлүүллээ гэж Дархан-Уул аймаг дахь манай сурвалжлагч Л.Буянхишиг мэдээллээ.





















Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дархан-Уул аймагт Хүүхэд хөгжлийн ордон нээлтээ хийлээ  
Үзсэн: 2408 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй