БНАСАУ өнөө өглөө үл таних тийрэлтэт сум харвасан тухай Өмнөд Солонгосын цэргийнхэн мэдээлж байна. Өмнөдийн цэргийнхний таамаглаж байгаагаар энэ сум баллистик пуужин байж болох талтай юм байна.
“Өнөө өглөө үүрээр Умард Солонгос Пхёнан-Пукто мужийн Кесон гацаа орчмоос үл таних пуужин харвасан” гэж “Ренхап” агентлаг БНСУ-ын зэвсэгт хүчний штабын дарга нарын нэгдсэн хорооны мэдээллээс иш татан уламжиллаа.
АНУ-ын Номхон далайн цэргийн командлал ч гэсэн Умард Солонгосын зүгээс пуужин харвасныг нотолж, энэ пуужин тив алгасагч пуужин байгаагүй. Иймээс хойд Америкт аюулгүй гэдгийг цохон тэмдэглэлээ. Умардууд ийнхүү пуужин харвасантай холбогдуулан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг зарлан хуралдуулжээ.
Япон улс ч гэсэн умардуудын энэ үйлдлийг зэмлэн буруушаалаа. Тус улсын сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга энэ талаар хийсэн мэдэгдэлдээ "Пуужин 700-аад километр алс нисэж, Японы эдийн засгийн бүсэд хүрэлгүй Япон тэнгист унасан" гэдгийг нотолж байна.
Тэрбээр БНАСАУ ийнхүү пуужин харваснаараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчиж байна гэдгийг хэллээ. Японы мэргэжилтнүүд, пуужингийн нислэгийн өндөр 1000 километр хүрснээс үзэхэд БНАСАУ шинэ төрлийн баллистик пуужин туршсан байж болохыг үгүйсгэхгүй байна.
БНАСАУ өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр баллистик пуужин туршсан ч энэ нь амжилтгүй болсон. Пхёнан-Пукто муж дахь туршилтын талбайгаас харвасан пуужин хөөрөөд нэг их удалгүй дэлбэрсэн юм.

| БНАСАУ пуужин харвасан тухай Өмнөд Солонгосын цэргийнхэн мэдээлж байна | ||
| Үзсэн: 1218 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.