Тавдугаар сарын 7-ны өдөр Франц улсад болсон Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуульд ялсан Эммануэль Макрон өнөөдөр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн авч, албан тушаалдаа орно. Францын Ерөнхийлөгчийн албанаас бууж байгаа Франсуа Олланд Елисейн ордонд болох ёслолын үеэр Макронд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг шилжүүлэн өгөх юм.
Олон жилийн турш тогтсон уламжлалаар Франц улсын шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол Елисейн ордонд болно. Орон нутгийн цагаар 10 цагт буюу манай цагаар 17 цагт Бүгд найрамдах улсын шинээр сонгогдсон тэргүүн Эммануэль Макрон Ерөнхийлөгчийн ордон хүрэлцэн ирнэ. Түүнийг 5 жилийн хугацаагаа дуусгаж байгаа Франсуа Олланд угтан авна. Тэд гар барилцаж мэндлээд, ордонд орж, хагас цаг орчим нүүр тулан уулзана. Үүгээр Олланд улсын нууцтай холбоотой зарим нэг мэдээллийг, тухайлбал, цөмийн пуужин харвах нууц кодыг шинэ Ерөнхийлөгчид өгнө.
Үүний дараа Олланд Ерөнхийлөгчийн ордныг орхин явж, харин шинэ Ерөнхийлөгчийн хувьд тангараг өргөх ёслол эхэлнэ. Францад Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол онцгой дэг жаягтай явагдана. Ингээд бүтэн өдрийн турш үргэлжлэх ёслол орой дуусч, Макроны хувьд Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хийж эхэлнэ.
Өнөөдөр түүнд шийдэх чухал нэг асуудал байгаа нь шинэ Ерөнхий сайд томилох юм. Макрон хилийн чинадад хийх анхны айчлалаа маргааш эхэлж Германы канцлер Ангела Меркельтэй уулзах юм.
Макрон хэнийг Ерөнхий сайдаар томилох бол гэсэн хүлээлт бий болоод байна. Энд “Ардчилсан хөдөлгөөн” намын удирдагч Франсуа Байру, мөн Гавр хотын захирагч Эдуар Филипп гэсэн хоёр хүний нэр багагүй яригдаж байна.
| Франсуа Олланд өнөөдөр Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ албан ёсоор шилжүүлэн өгнө | ||
| Үзсэн: 1035 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.