Чехийн нисэх онгоц үйлдвэрлэгч "PRIMOCO UAV" компани агаарт 9 цаг нисэх боломжтой нисгэгчгүй төхөөрөмжийг зохион бүтээсэн байна. Анхны туршилтаараа тус нисгэгчгүй нисдэг төхөөрөмж газарт буулгүйгээр агаарт 9 цаг гаруй тогтож, улмаар хамгийн урт хугацаанд нислэг үйлдсэн анхны онгоц болж, дэлхийн шинэ дээд амжилтыг тогтоосон юм.

Туршилтыг Чехийн нийслэл Праг хотын Водоход нисэх буудлын нислэгийн зурваст хийсэн байна. Энэхүү нисдэг төхөөрөмжийг зохион бүтээсэн компанийн төслийн удирдагч Ладислав Семетковский хэлэхдээ тус төхөөрөмжинд суурилуулсан хөдөлгүүрийн чадлын боломжит хэмжээ нь онгоцыг агаарт 10-аас багагүй цаг тогтоох боломжтойг ч онцолсон байна. Тэрбээр мөн "Мodel One" нэртэй нисгэгчгүй нисдэг төхөөрөмжинд жижиг загварын дронд ашиглагддаг цахилгаан хөдөлгүүрийг бус харин дотоод шаталтын хөдөлгүүрийг суулгаж өгсөн нь ажиллах хугацааг уртасгах гол үндэс нь болсон гэж хэлжээ.
нисгэгчгүй онгоц нь газарт буулгүйгээр 1500 км хүртэлх зайг, 100-150 км цагийн хурдтай туулах чадвартай юм байна. Өөрийнх нь цэвэр жин нь 100 кг бол ойролцоогоор 50 кг ачааг даах боломжтой юм. Тэр ч бүү хэл, цаг агаарын нөхцөл байдлаас үл шалтгаалан даалгавар гүйцэтгэх боломжтой буюу хасах 30 хэмээс нэмэх 40 хэмийн халуунд ч ямар ч асуудалгүй нисэх боломжтой гэж зохион бүтээгчид нь онцолж байна.

Удирдлагын төвийн оролцоогүйгээр өөрөө газардах болон хөөрөх командыг хийдэг нисгэгчгүй төхөөрөмж нь шаардлагатай үед л алсаас жолоодлого хүлээж авах системээр хангагдсан байна. Тус онгоцны бараг 80 орчим хувь нь Чехийн дотоодын үйлдвэрлэлээс гаргаж авсан эд материал, тоног төхөөрөмжөөр тоноглогджээ. Зохион бүтээгчдийн хэлж байгаагаар "Мodel One" загварын нисгэгчгүй онгоцыг төрөл бүрийн салбарт ашиглаж болохыг онцолжээ.
Тухайлбал, газрын тосны үйлдвэрийн хэвийн ажиллагааг агаараас хянах, ойн хээрийн түймэр, улсын хилийн аюулгүй байдал гэх мэт цаг хугацаа, өртөг хэмнэх зорилгоор эдгээр ажиллагаанд ашиглах юм. Чехийн нисэх онгоц үйлдвэрлэгч "PRIMOCO UAV" компани энэ загварын онгоцноос 100 ширхэгийг үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа буюу эхний 25 ширхэгийг нь эхний ээлжинд Ойрхи Дорнод, Африк, БНХАУ, Австрали болон Өмнөд Америкийн орнуудад худалдаалахаар бэлэн болгоод буй юм байна.

| Агаарт тасралтгүй 9 цаг нисэх боломжтой нисгэгчгүй төхөөрөмжийг бүтээжээ | ||
| Үзсэн: 1423 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.