“Прогрессив Аллианс-Дэвшилтэт эвсэл”-ийн “Шударга, хөгжингүй дэлхийн төлөөх нийгмийн шударга ёс, тогтвортой байдлын асуудлууд” сэдэвт бага хурлыг энэ сарын 25, 26-нд МАН-аас санаачлан Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Бага хуралд Англи, Австри, Швед, Португали, Гүрж, Герман, Бельги, Малайз, Марокко, Судан, Энэтхэг, Израиль, Палестин зэрэг таван тивийн 34 улс, олон улсын байгууллагын төлөөлөгч, улс төрийн намын удирдлага оролцох аж.
Энэхүү хурлаар нийгмийн тогтвортой байдал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, Азийн орнуудын хөгжиж буй байдал, хүйсийн тэгш байдал, “Популизмын өсөлт-Нээлттэй ардчилсан нийгэмд учруулах аюул” зэрэг дэлхийн хэмжээнд тулгамдаж буй олон сорилт бэрхшээлд гарц, шийдэл олох, харилцан санал солилцох өргөн хэмжээний хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Бэлтгэл болон нэгдсэн хуралдаанаас бүрдэх уг бага хурлыг нээж МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд үг хэлэх бөгөөд бага хуралд оролцогч улс төрийн намууд, олон улсын байгууллагын төлөөллүүд илтгэл тавьж хэлэлцүүлнэ.
Тодруулбал, Зүүн төвийн үзэл баримтлалтай улс төрийн намуудын холбоо болох “Прогрессив Аллианс-Дэвшилтэт эвсэл” нь одоогоос дөрвөн жилийн өмнө дэлхийн дэвшилтэт, социал демократ улс төрийн намууд болон олон улсын байгууллагуудын хамтралаар үүсгэн байгуулагдсан, дэлхийн 130 гаруй улс төрийн нам, олон улсын байгууллагуудыг эгнээндээ нэгтгэсэн хүчирхэг улс төрийн эвсэл юм.
Энэхүү эвсэл улс төр-энх тайван, ардчилал, хүний эрх, зохист хөдөлмөр, хүйсийн тэгш байдал, тогтвортой хөгжил зэрэг бодлогын чухал асуудлыг хөндсөн илүү дэвшилтэт үзэл санааг олон улсад түгээн дэлгэрүүлэхийг эрхэм зорилгоо болгодог байгууллага аж.
Тус эвсэл байгуулагдсан цагаасаа эхлэн дэлхийн олон оронд дээрх сэдвээр бага хурлуудыг зохион байгуулж иржээ.
| 34 орны төлөөлөгч шударга ёс, тогтвортой байдлын асуудлаар чуулна | ||
| Үзсэн: 602 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.