Шууд Chart

Сэтгэл догдлон захидлыг гардан автал Монголоос ирсэн байлаа...

2017-10-19 16:03:04

"Монголын дуу хоолой" радиогийн Хятад хэлний нэвтрүүлгийг сонссон БНХАУ-ын Жөжян мужийн Жянь дө хотын сонсогч Фань Хун Жэ-гээс захидал иржээ. Тэрбээр "Сайн байцгаана уу. "Монголын дуу хоолой" радиогийн хятад хэлний редакцийн найз нар аа! БНХАУ тунхагласны баярын амралт болох алтан 7 хоногийн амралтаа сайхан өнгөрөөлөө. Олон хоног амарсны дараа үүрийн гэгээтэй уралдан эрч хүч дүүрэн ажилдаа ирсэн анхны өдрөө  та бүхнийхээ илгээсэн баталгаат захидлыг хүлээн аваад туйлын их баярлалаа. Сэтгэл догдлон захидлыг гардан автал Монголоос ирсэн байлаа. Мэдээжийн хэрэг "Монголын дуу хоолой" радиогоос ирсэн байх нь гарцаагүй хэмээн дотроо бодлоо. Дотор нь 6 ш монгол марк, 2 ил захидал болон танай радиогийн лого бүхий наалт нотолгооны хуудас зэрэг байсан. Та бүхэндээ дахин талархал илэрхийлье" гэжээ. Эрхэм сонсогч манай радиогийн цахим хуудас шинэчлэгдэж байгаад талархал илэрхийлээд сүлжээний ямар нэгэн асуудал байхгүй болсонд сэтгэл хангалуун байна гээд есдүгээр сарын 12-ноос  10 дугаар сарын 5 хүртэлх Жянь дө хот дахь манай радиогийн сонсогдолтын талаарх мэдээллийг хавсаргасан байна.

"Монголын дуу хоолой" радиогийн “Шуудангийн хайрцаг” нэвтрүүлэг Япон хэлний редакцид хаягласан захидлын тоймоор үргэлжилж байна. Фүкүока мужийн сонсогч Киношита Хиромичи Монголын цаг агаарын байдлыг асуугаад өнөөдрийн дуу хөгжмийн нэвтрүүлгийг таашаан сонслоо. Нэвтрүүлгээ сонсоод долоо хоногийн ажлын ядаргаа арилсан. Эхний дуунд би дуртай, хоёр дахь дуу ч их таалагдлаа. Эрэгтэй дуучин сайхан хоолойтой юм. Сүүлийн үед цаг агаар сайн байгаагаас ч тэр үү, өмнөхтэй харьцуулахад их сайн сонсогдож байна. Өмнө нь үлэг гүрвэлийн музейн талаар танилцуулж байсан. Монголд одоо ч гэсэн үлэг гүрвэлийн яс олддог байх нь ээ. Дараа үлэг гүрвэлийн музейг очиж үзье гэж бодож байна гэж захидалдаа өгүүлсэн байна.

Тэгвэл Оосака хотын сонсогч Орита Яёой "Намар цагт бурхан байгаль дэлхийд арвин хишиг хайрладаг. Төв зам дагуу тарьсан ичёо газарт унасныг авч болдог болохоор хэдийг түүгээд гэртээ харьсан. Жимсний доторх үр нь сайхан, шарж, чанаж идэхэд амттай. Шороонд булаад доторх үрийг нь авах арга байдаг гээд ичёо жимсийг Япон, Хятад, БНСУ зэргийн олон оронд хэрэглэдэг. Харин Монголд энэ жимсийг хэрэглэдэг үү" гэж асуужээ.

Манай байнгын сонсогч Хама Масахико Нагано хотоос бичихдээ "Өмнөх захиагаа нэг сарын сүүлээр илгээж байсан гэхээр нэлээд хугацаа өнгөрчээ. Өнөөдрийн “Хөгжмийн гэр” нэвтрүүлгээр хөгжмийн зохиолч Бямбабаярын таван дууг хүлээн авсан. Дууны шүлгийг япон хэлээр орчуулан танилцуулж, дууг бүтнээр нь явуулсан учраас сайхан байлаа. Дуу хөгжимд дуртай миний хувьд “Хөгжмийн гэр” нэвтрүүлэг үнэ цэнэтэй билээ. Цаашид ч олон янзын дуу хөгжмөөс хүргэж байгаарай" гэжээ. 

Харин Чиба мужийн сонсогч Томита Тошиаки "Өнөөдрийн нэвтрүүлгийг сонсоод Монгол малын маханд олон гайхамшигтай чанар байдгийг мэдлээ. Цаашид ч гэсэн экспорт өргөжиж, Японы хаана ч амтлах боломжтой болвол сайхан гэж бодож байна. Танай редакцийнханд ажлын амжилт хүсэн ерөөе" гэжээ.

С.Баяндорж

Нийтэлсэн: Voice of Mongolia

Сэтгэл догдлон захидлыг гардан автал Монголоос ирсэн байлаа...   
Үзсэн: 3227 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй