Шууд Chart

Дэлхийн банктай стратегийн салбарт томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлнэ

2026-02-05 14:56:37

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Лиг хүлээн авч уулзаж, Монгол Улсын дунд болон урт хугацааны хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлүүд хүрээнд санал солилцов.

Уулзалтын үеэр эрчим хүч, зам тээвэр, дэд бүтэц зэрэг эдийн засгийн өсөлтийг дэмжих стратегийн салбаруудын шинэчлэл, эдгээр салбарт хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр салбарын либералчлалыг амжилттай хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах нь чухал болохыг онцолж, хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлэх, эрсдэлийг хуваалцах чиглэлд Дэлхийн банкны санхүүгийн баталгаа зэрэг шинэлэг арга хэрэгслийг ашиглан хамтран ажиллах санал дэвшүүлэв.

Мөн Монгол Улсын Засгийн газартай хамтран эрчим хүчний найдвартай байдлыг хангах дамжуулах шугамын төслүүдийг хэрэгжүүлж буйд Дэлхийн банканд талархал илэрхийллээ. Цаашид эдийн засгийн өсөлтийг тэтгэх гол хөшүүрэг болох эрчим хүчний салбарын томоохон төслүүд болон нийслэлийн төвлөрлийг сааруулах дэд бүтцийн төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд, хувийн хэвшилд түшиглэн хэрэгжүүлэх нь чухал болохыг тэмдэглэв.

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли Монгол Улсын эрчим хүч, хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд идэвхтэй хамтран ажиллаж байгаагаа илэрхийлээд, Тэргүүн Шадар сайдын дэвшүүлсэн хамтын ажиллагааны чиглэлүүд нь хоёр талын стратегийн түншлэлийн хүрээнд бүрэн нийцэж байгааг онцлов.

Түүнчлэн Эдийн засаг, хөгжлийн яамнаас Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвийг байгуулан ажиллаж буйг өндрөөр үнэлж, бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдад чиглэсэн бодлого, арга хэмжээг дэмжин ажиллахаа илэрхийллээ. Монгол Улсын бүтээн байгуулалт, үйлдвэрлэл өргөжихийн хэрээр өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангахад онцгойлон анхаарч, 2026-2030 онд хэрэгжүүлэх Монгол Улсын таван жилийн үндсэн хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг дэмжин хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдэв.

Уулзалтын дүнд талууд салбар хоорондын уялдаа холбоог хангаж, тодорхой төслүүд дээр техникийн түвшинд шуурхай хамтран ажиллахаар тохиролцлоо гэж Эдийн засаг, xөгжлийн яамнаас мэдээллээ. 


Дэлхийн банктай стратегийн салбарт томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлнэ  
Үзсэн: 150 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй